|
Видео

Шинэ мэдээ

Мөнгөтэй хүн “Туг барьж”, ухаантай хүн “Тугал хариулах уу”?

Мөнгөтэй хүн “Туг барьж”, ухаантай хүн “Тугал хариулах уу”?

 

УИХ-ын сонгуулийн дүн олон намын "шүдний өвчин” болж байх шиг байна. Таван удаагийн "их насны” уралдаанд гурван удаа үзүүрлэсэн "ах” нам, нэг үзүүрлэж, нэг аман хүзүүдсэн "АН” эрэгчин, эмэгчнээ үзэх юм байх.
 
Ардын нам ухаантан мэргэдээр төр түшүүлж, засгийн жолоог бариулна гэдэг номлолтой явж, бага алдаж, их онож ирсэн улс төрийн шалгарсан хүчин байсан. Ардчиллын ороо, бусгаа эхний арван жилд Г.Очирбат, Б.Даш-Ёндон хоёр ийм арга ухаанаар нам, төрийг шинэчилж, хүнд суртлын лаг шавраас намаа авч гарч түүхэн гавьяа байгуулсан.
 
 
Тэд өөрсдөө төр засгийн өндөр суудалд залрахыг бодсонгүй, харин ч ухаалаг, чадварлаг, эрдэмлэг, шударга улс төрчдийг олж илрүүлэн, төр засгийн өндөр албан тушаалд тавьж, улс орноо зах зээлийн эдийн засгийн замд хөтлөх, хөдөлгөх хүч болгон ашиглаж чадсан. Тэд ганц нам гэж явцуурахгүйгээр сөрөг хүчнээс Р.Гончигдорж, С.Зориг, Д.Дорлигжав, М.Энхсайхан нарыг улс төрийн тавцанд "нялхаар” нь гаргаж ирсэн холын хараатай эрдэмтэд байлаа.
 
 
Тэд үүргээ биелүүллээ гэж сайн дураараа ажлаа өгч "Эзний алба ээлжтэй” гэж хэлээд өмссөн хувцсаа ч сольж чадалгүй, хоосон хар цүнхээ сугавчлаад нийтийн автобусанд суугаад гэр гэртээ харьж дэлгүүрт хямд талхны төлөө дугаарлан зогсч байгаадаа гутрахгүй, харин ч бидэнтэй ижилхэн амьдарч байгаадаа бахархан, бардам алхаж явна.
 
"
Төв үзэл”-ээр толгой нь эргэсэн ийм хүмүүсийг эх орончид гэх үү, "тэнэгүүд” гэх үү бүү мэд. Ардчиллыг тунхаглаад хорь гаруй жил болоход нам гэдэг мөнгөнд цадсан бүлэг хүмүүсийн хуйвалдаан болж төрөл арилжсан мөнгөний бүлэглэл, "Ард түмэн гэдэг юу ч бичиж болох цэвэрхэн цагаан цаас” гэдгийг тугаа болгож зулай дээрээ өргөсөн.
 
Гэвч сонгогчид цэвэрхэн "цагаан цаас” биш гэдгийг хэд хэдэн УИХ-ын сонгууль хатуу санууллаа. "Мөнгө цагаан нүд улаан” гэдгийг олон түмэн ойлгож, зээл, төсөл, төрийн өмч, залилангаар бэлжиж, энэ бэл бэнчингээрээ албан тушаал эрх мэдлийг худалдаж авсан, худалдаж борлуулсан хүмүүстэй ял тулгах хариуцлагын "их цааз” үүрэндээ бугшиж, лугшиж байна.
 
 
Энэ "Их буглаа” шинэ шинэ сонгуулиар хагарч эдгэрэх ёстой. Хэн нэг эрх мэдэлтний гарын үзүүрийн хүүхэлдэй болсон, алт мөнгөөр хуягласан "шатрын хүү” ч нам нэрээр улс төрийн шатрын хүлэг дээр наадаж, мөнгөтэй нь "туг” барьдаг гэсэн монгол засаглал үргэлжлэх л байх.
 
 
Шатрын "түүхий хүүгийн” нөгөө талд, Монголын улс төрийн халуун тогоонд олон жил "буцалж” алдаж, онож, унаж, босч явсаар «бэрс» гарсан төрийн түшээд учраа олж ядаж байхад, нийслэлд төрж, өсч орос сургуулиар дамжин Москвад суралцсан Санжаасүрэнгийн Зоригийн толгойлсон боловсролтой залуус Ардчилсан хувьсгалын салхийг хагалсан. Улс төрийн ганц намын үзэл сурталд далаад жил "дөнгөлүүлсэн” бэхэлгээ тас үсэрснээс хойш дөрөвний нэгэн зуун өнгөрөхөд бид юуг хожив, юуг алдав.
 
 
…Ер нь Монголд юу болоод байгаа юм бэ. Монголын ардчиллын загалмайлсан эцэг С.Зориг тэргүүтэй эх орончдын зорьж явсан зам энэ мөн үү. Ардчиллыг дэмжин бидний хүсэн хүлээж байсан нийгэм мөн үү. Ардчиллыг бид чинь хэдэн олигархиудад бурантуглуулаад буруу замаар орчихсон юм биш үү… гэсэн эргэлзэгчид олширч байгааг юу гэж үзэж дүгнэх болж байна. Үүнд улс төрчид биш, судлаачид, түүхчид хариу өгөх цаг ирчихээд байна.
 
 
Миний бие улс төр судлаач биш, түүхч биш. Харин уран зохиолоор ганц хоёр ном гаргасны эрхэнд С.Зоригийн ажил, амьдралаар "Шар Дамдинсүрэнгийн зээ хүү” гэсэн эсээ тууж бичих гэж гурван жил нухаж, нухлагдаж явааг мэдэх хүн ганц нэг байгаа байх аа.
 
 
 
Доктор Цүрэмийн Мухар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler