| |
“Азгүй” нам
2008-2012 оны хооронд "Хүний хөгжил” сан үүсгэн монголын иргэн бүрт 21.000 төгрөг тараасан нь МАН-ын гавьяа. Өнөөдрийн эрх баригчид босгосон бондын мөнгөнөөсөө ард түмэнд хэдийг илүүчилсэн бэ. Тэд илүүчлэх нь байтугай өөрийн хүнээсээ нуугаад өөрсдөө идэж уугаад дуусгасан нь бодит үнэн. Эхнээсээ дээлээ нөмрөөд аавынх руу явж байна. Хэдэн зуун саяар биш хэдэн тэрбумаар идэж байгаа эрх баригчдын эсрэг дуугарсан нь бурууддаг болсон цаг юм. АН-ынхан бондын мөнгөөр үхмэл цэцэг тарьж, хогийн ногоон уут тарааж, хэдэн зам зассан болсон. Ард түмэнд наалдсан юм үнэндээ л харагдахгүй байгаа нь харин чин үнэн. Эсрэгээрээ ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь ч үнэн. Бондын мөнгөөр дураараа дургисан эрх баригчид дансаа улайлгачихаад төрийн албан хаагчдын халаас руу өнгийж байгаа нь ч үнэн. Бүр сүүлдээ яам, агентлагийг татан буулгаж байшин барилгыг нь дуудлага худалдаанд оруулна гэнэ дээ. Эрх баригчдын луйвар арай л цагаандаа гарч байгаа юм биш үү. Тэдгээр барилгыг дуудлага худалдаанд оруулсан болоод өөрсдөө луйвардах гэж байна, цаана чинь. Өнөө 1996-2000 оны хооронд явагдсан өмч хувьчлалаар АН-ын автортай "гэнэт баяжигчид” төрдөг шиг... "Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг чинь энэ дээ... Сонгууль болохоос өмнө ямар ч аргаар хамаагүй мөнгөжих нь эрх баригчдын гол зорилго. Ардчилсан нам ийм "азгүй” нам. Тэд одоо гунигт дуу аялаад ч газар авахаа больсон. Ард түмэн тэдэнд итгэсэндээ харамсч суугаа.
МАН "азтай” нам. Тэд засаг толгойлох тоолонд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг. Ийм л "азтай” нам. МАН засаг толгойлсон үед монголын ард түмний нуруу арай тэнэгэр байдаг. Ирэх жилийн сонгуулийн дараа дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом өсөх вий дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнэт монголд хайр зарлах вий дээ. Угтаа өнөөгийн эрх баригчид хүн шиг төрөө аваад явчихдаг бол гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахгүй. Гэтэл тэд байн байн засгаа унагаад, төрөөр тоглоод байхаар чинь хэн итгэж гэрээ хийх юм бэ. Ядаж нэг удаа сонгуульд ялсан юм бол Засгийн газар чинь дөрвөн жил тогтвортой байж болдоггүй юм уу. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ биз дээ. МАН-ын үед гадаадын хөрөнгө оруулагчид нааштай ханддаг байсан нь засаг тогтвортой байсны гавьяа. Ядаж л дөрвөн жил засаг нь ганхахгүй, толгой өвдөхгүй ажлаа хийж болно гэж боддог болохоор тэр. Нарийндаа бол АН "азгүй”-дээ биш арчаагүйдээ Монгол Улсыг өнөөдрийн байдалд хүргэчихээд байгаа юм. Тэдэнд улс аваад явчих бодлого алга. Улс байтугай намаа аваад явчих бодлогогүй хүмүүс төрийн жолоод гарсны горыг монголчууд амсаж явна. Өөрийн алдааг өрөөлөөс битгий хай, эрх баригчдаа. Эхлээд нам доторхи фракцынхаа учрийг олчих. Дараа нь улсаа авч явах тухай яривал чихэнд арай чимэгтэй сонсогдоно.
Ц.Анир