![]() |
Уул уурхайн салбар дахь авлигын 15 онош
Тус салбарт авлигын эрсдэл өндөр байна-
Ашигт малтмалын тухай хуульд 2008 оноос хойш 18 удаа "гар хүрчээ”
Монгол Улсын нийгэм, эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хараат болоход ойрхон байна. Уул уурхайн салбар сэргэх юм бол эдийн засаг нь тэлдэг, эсрэгээр уг салбар уналтад орох юм уу буурах үзүүлэлттэй болбол дагаад улс орны эдийн засаг сулардаг байдал сүүлийн арав гаруй жилийн турш үргэлжиллээ. 2012 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 12.3 хувиар өссөний 8.9 пунктыг уул уурхайн салбар дангаараа эзэлж байв. Өнгөрсөн 2015 онд дэлхийн эрдэс түүхий эдийн зах зээлийн үнийн уналт үргэлжилсэн хэвээр байсан ч Монгол Улсын хувьд голлох нэр төрлийн ашигт малтмалын олборлолт, экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс бууралгүй, төлөвлөсөн хэмжээндээ хүрснээр улс орны эдийн засагт зохих хувь нэмэр оруулж чадсан байна. Уул уурхай ийнхүү улс орны нийгэм эдийн засагт голлох нөлөөтэй салбар болсныхоо хэрээр авлигын эрсдэл өндөр байгааг олон улсын хараат бус байгууллагын судалгаа харуулж байна.
Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар Хараат бус судалгааны хүрээлэнгээс Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн судалгааг хийжээ. Уул уурхайн хайгуулын, ашиглалтын өмнөх, ашиглалтын, хаалтын үе шатууд дахь авлигын эрсдэлийг тодорхойлсон энэхүү судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан Олборлох салбар дахь авлигын эрсдэлийг бууруулах олон улсын аргачлалыг ашиглан хийсэн байна. Судалгааны үндсэн дээр уул уурхайн салбарын авлигад өртөх магадлалтай 15 эрсдэлийг нэрлэжээ. Үүний заримыг дурдъя. Монголын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин авлигын эрсдэл бий болох нөхцөлийг зарим талаар бүрдүүлж байгааг дээрх судалгаанаас харж болно. Өнөөдөр уул уурхайн салбарт 30 орчим хууль, 40 гаруй журам, дүрэм, заавар үйлчилж байна. Салбарын хамгийн анхны эрх зүйн акт нь 1913 онд Богд хаант Монгол Улсын үед баталсан Олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм байсан бол хамгийн сүүлийнх нь 2015 онд УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын тухай хууль юм. Энэ хуулийг 2006 онд шинэчлэн баталснаас хойш есхөн жилийн дотор 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монголын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин тогтвортой бус байгаагийн илрэл юм.
Монголын уул уурхайн үндэсний ассоциациас Ашигт малтмалын тухай хуульд судалгаа хийгээд уг хуультай шууд холбогдох хууль 52, УИХ-ын тогтоол 2, Засгийн газрын тогтоол 16, сайдын тушаал 23, Засгийн газрын агентлагаас гаргасан эрх зүйн акт 26, Ашигт малтмалын тухай хуультай холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр тус бүр нэг, Шүүхийн шийдвэр 198 байдгийг тогтоосон байна. Эдгээр хууль, тогтоол, дүрэм журамд судалгаа хийхэд хуулийн давхардал 52, хуулийн зөрчил 36, хуулийн хийдэл 22 байна гэж дүгнэсэн байна. Энэ бүхэн бол тус салбарт авлига үүсэх орон зай гэсэн үг.
Уул уурхайн салбарт авлигаас сэргийлэх, ил тод байдлыг хангахад чухал нэг хүчин зүйл нь хууль, эрх зүйн акт боловсруулах, шийдвэр гаргахдаа мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд, эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгүүдийг оролцуулах, тэдний байр суурь, дуу хоолойг сонсох явдал гэдгийг олон улсын болон олон нийтийн байгууллагууд онцолдог. Гэвч амьдрал дээр энэ талаархи хуулийн заалтууд үйлчлэхгүй байгааг Хараат бус судалгааны хүрээлэнгийн судалгаа харуулж байна.
Авлигаар айргийн тавд
Дэлхийн улс орнуудын авлигын төвшинг харьцуулан үнэлдэг "Транспаренси интернэйшнл” олон улсын байгууллагын 2014 оны Авлигын индексийн судалгаанд нийт 175 орон хамрагдсанаас Монгол Улс 39 оноотойгоор 80 дугаар байранд жагсч байв. Харин 2015 оны үзүүлэлтээр манай улс нийт 100 оноо авахаас мөн 39 оноо авч 168 орноос 72-т жагссан байна. 2015-2016 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс албан бус төлбөр, хээл хахууль гэсэн үзүүлэлтээр 0-7 төвшингээс 3.8 оноо авч 140 орноос 77-д жагсаад байгаа юм.
Авлигатай тэмцэх газарт 2015 оны тавдугаар сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дүн шинжилгээнээс харахад, тухайн оны тавдугаар сард нийт 100 өргөдөл ирснээс нэг хувь нь уул уурхайн салбар, 5.1 хувь нь байгаль орчны салбартай холбоотой өргөдөл байна. Дээрх судалгаа, тоо баримтаас харахад Монгол Улсын авлигын ерөнхий төвшин харьцангуй өндөр байна гэж судлаачид дүгнэжээ.
Уул уурхайн салбарын тухайд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооноос 2014 онд эрхлэн гаргасан "Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” судалгааны авлига аль салбарт илүүтэй гарч байгаа талаархи асуултанд 1084 оролцогчдоос хамгийн олон буюу 266 оролцогч шүүх, хууль хяналтын байгууллага гэж хариулсан бол 57 оролцогч уул уурхайн салбарт гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан нийт 10 салбараас уул уурхайн салбар 5.3 хувиар зургадугаарт жагссан байна. Харин АНУ-ын Азийн сангаас эрхлэн гаргадаг "Авлигын талаархи олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа”-гаар уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн байгууллага нь 2007-2014 онд авлигад хамгийн их автсан байгууллагын хоёрдугаар байрт жагсчээ. Харин 2015 оны дөрөвдүгээр сард уг үзүүлэлт бага зэрэг буурч, гуравдугаар байрт жагссан байна. Азийн сангаас хийсэн "Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-ны авлигад хамгийн өртөмтгий салбарын жагсаалтад уул уурхай мөн оржээ. 2015 онд Азийн сангаас хийсэн "Бизнесийн салбар болон төрийн байгууллагын харилцаан дахь авлигын шалтгаан, нөхцлийн судалгаа”-ны дүнгээс харахад уул уурхайн компаниуд татвар, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай харилцах шаардлага их гардаг, үүнд хоолонд урих, бэлэг эд зүйлс өгөх, ах дүү танил талаараа дамжуулж туслалцаа авах зэргээр харилцах явдал гардаг. Уул уурхайн салбарын авлигын нөхцөл байдлын хувьд бодлогын орчны тогтворгүй байдал, төрийн алба, тусгай зөвшөөрөл, зардал баталгаажуулалт, шинжээчдийн дүгнэлт, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ, уул уурхай ба орон нутаг, татвар зэрэг асуудал тун эмзэг гэдгийг онцолжээ.
Бас нэгэн сонирхолтой судалгаа бий. Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн 2013 онд Баялгийн засаглалын индексээр 58 улсын байгалийн хий, газрын тос, уул уурхай дах засаглалын чанарыг хэмжиж танилцуулсан байдаг. Тус судалгаагаар Монгол Улс 51 оноотойгоор 58 улсаас 26 дугаарт жагссан байна. Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин хамгийн өндөр буюу 80 оноо авсан атлаа харин тайлагналт хамгийн бага буюу 39 оноо авчээ. Хуулийн орчин сайн боловч тайлагналт муу байна гэдэг ямар нэгэн ноцтой асуудал байгаагийн илрэл билээ.
Ийнхүү олон улсын болон үндэсний хэмжээнд хийгдэж буй судалгаануудаас харахад уул уурхайн салбар авлигад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй салбарын нэг болоод байна. Томоохон хэмжээний түрээс, хөрөнгө оруулалтын урсгал, нарийн төвөгтэй гэрээ хэлэлцээр, стратегийн ач холбогдол бүхий нөөц баялаг зэрэг нь уул уурхайн салбарыг авлигын эрсдэл бүхий салбарын нэг болоход нөлөөлдөг гэдгийг ч хараат бус шинжээчид тодотгожээ.
Арын хаалга ба тусгай зөвшөөрөл
Монгол дахь уул уурхайн салбарын авлига хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас эхэлдэг. Мөнгөтэй нь тусгай зөвшөөрөл авах боломжтой. Сумын болон аймгийн Засаг даргаас заавал зөвшөөрөл авах ёстой. Тэд эхэлж татгалзсан санал өгөөд, дараа нь мөнгө өгвөл зөвшөөрөл олгох тохиолдлууд гардаг байна. Уул уурхайн компани хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхдээ нийт долоон төрлийн баримт бүрдүүлдэг. Гэвч тэдгээр материалууд нь хэрхэн шаардлага хангаж байгаа, мөн сонгон шалгаруулалтын комиссын өгсөн үнэлгээ үндэслэлтэй эсэх нь бусад оролцогч талуудад тэр дундаа орон нутгаас санал өгч байгаа талуудад хангалттай ил тод биш, хязгаарлагдмал байдаг ажээ. Энэ нь тухайн өргөдлийг хүлээн авч, шүүлт хийн, шийдвэр гаргаж буй байгууллага нь аль нэг талд ашигтай байхаар шийдвэр гаргах эрсдэл үүсч болохыг харуулж байна. Мөн сонгон шалгаруулалтад нэг байгууллагын эрх мэдэл давуу байгаа нь авлигын эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.
АМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны арванхоёрдугаар сард гаргасан статистик мэдээнээс харахад, тухайн онд шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах нийт 87 өргөдөл иржээ. 2009 оноос хойш жилд дунджаар 99 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирсэн байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл авахын тулд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, түүний нэг хэсэг болох ТЭЗҮ болон бусад баримт бичгүүдийг бүрдүүлэх шаардлагатай. Дээрх статистик мэдээлэл болон ЭБМЗ-ийн хуралдах давтамжийг харьцуулан харвал ихээхэн ачаалал бий болж, дараалал үүсч болохоор байна. Энэхүү нөхцөл байдал нь тухайн уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа төлөвлөж буй хугацаанд эхлүүлэхийн тулд ТЭЗҮ-ийн дүгнэлтээ хурдан шуурхай гаргуулахын тулд авлига өгөх эрсдэл бий болгодог байна. Түүнчлэн ашигт малтмалын нөөцийг буруу тооцсон хэд хэдэн тохиолдол гарч байжээ. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Олон овоотын ордын нөөцийг буруу тооцсон тохиолдол юм. Уг асуудлын хүрээнд холбогдох яам, агентлагаас хийсэн шалгалтын үр дүнд Нөөцийн тооцоо, Уулын ажлын төлөвлөгөөг бүрэн батлуулалгүй үйл ажиллагаа явуулсан, ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаагүй гэх мэт асуудал илэрч байсан. Уул уурхайн компаниуд нөөцөө алдаатай эсвэл багаар тооцож, ТЭЗҮ-д тусгах тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд ЭБМЗ-өөс уг зөрчлийг илрүүлсэн бол түүнийг нуун дарагдуулах зорилгоор уул уурхайн компаниуд дүгнэлт гаргаж буй шинжээчдэд авлига өгөх эрсдэл байдаг гэж үзжээ.
Мөн орон нутгаас санал авахтай холбоотой авлигын эрсдэл байна гэж Хараат бус судалгааны хүрээлэнгийнхэн үзжээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотойгоор орон нутгаас ирсэн саналын ихэнх нь татгалзсан хариу байдаг ч хэсэг хугацааны дараа зарим нь зөвшөөрсөн болж өөрчлөгддөг жишээ цөөнгүй.
Хандив уу, хахууль уу
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангаас харахад уул уурхайн салбар Монгол Улсад 25 төрлийн татвар, хураамж төлдөг. Үүнээс 10 орчим нь зөвхөн орон нутагт төлдөг татвар, төлбөр байна. Дээрх тайланд 2014 онд төрийн байгуулллагуудад уул уурхайн компаниудаас олгосон хандив, дэмжлэг улсын хэмжээний нэгтгэсэн дүнгээр Засгийн газар 19 тэрбум 655 сая төгрөг, компаниуд 19 тэрбум 669 сая төгрөг байжээ.
Төсвийн тухай хуулийн 25.2-т зааснаар бүх шатны боловсролын байгууллага, эмнэлэг, соёлын байгууллагаас бусад төрийн байгууллага хандив, тусламж авахыг хориглосон байдаг. Гэвч ил, далд байдлаар тухайн орон нутаг болон иргэдэд хандив тусламж үзүүлэх явдал байсаар байна. Дээрх хориглосон заалтаас болж уул уурхайн компаниас орон нутагт өгсөн хандивыг тайлагнадаггүй тохиолдол ч цөөнгүй гарчээ. Тухайлбал, "Бороо гоулд” компанийн нийслэл хотод барьсан эмнэлгийг одоо хүртэл хүлээж аваагүй байна. Орон нутгийн захиргааны байгууллагуудаас хандивын шахалт, гуйлт их ирдэг гэдгийг уул уурхайн компанийн төлөөлөл нуусангүй.
-Төрийн байгууллагууд чинь биднийг гуйна. Яг хуулиараа болохгүй, тэгсэн хэрнээ манайх болохгүй байна танайх ийм юм өгөөч гээд тогтмол хүсэлт тавьдаг.
-Жилд хэдэн удаа ийм асуудал тавьдаг бол?
-Сард нэг байх байхаа.
Компанийн төлөөлөл ийнхүү өгүүлж байна. Мөн өөр нэгэн компанийн төлөөлөл,
-Хуулиараа төрийн байгууллагууд хандив авч болохгүй гэсэн хэрнээ хандив гуйгаад байдаг. Манайх ийм шинэ байртай болсон тэдэн төгрөг өгөөч гэдэг ч юмуу, эсвэл болохгүйг нь мэднэ гэхдээ яалт ч үгүй төсөв хүрэхгүй болохоор ингэж байна, танайх туслаач гэдэг ч юм уу. Ийм асуудал өдөр тутам тохиолддог гэжээ.
Нийтлэг жишгийг харахад аж ахуй нэгжүүдийн хэлж байгаагаар үйл ажиллагаа эхлээгүй байхад нь Орон нутгийн хөгжлийн сан гэх зэрэгт хэчнээн төгрөг хандивлах вэ гээд л шууд шахалт үзүүлдэг байна. Үүнээс болж авлигын эрсдэл бий болдог. Түүнээс гадна хувь хүний хүчин зүйлтэй холбоотой авлигын эрсдэлүүд орон нутагт өндөр байгааг судлаачид онцолжээ.
"Сумын Засаг дарга, сумын иргэдийн хурлын дарга нар бол авлигад өртөх магадлал хамгийн өндөр. Энэ асуудал бол маш их байдаг. Жишээлэхэд, сумын Засаг дарга, сумын ИТХ-ынхан бензин тос шатахуун гээд л хэрэглээний зүйлийг авахын тулд нэг уурхай дээр очоод л бензин хийлгэчихдэг. Тэр болгон чинь уурхайд зарлага л болж байгаа” хэмээн нэгэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч судалгааны багийнханд ярьсан байна.
Энэ бүхнээс харахад орон нутагт хандив, тусламжтай холбоотой авлига гарах магадлал өндөр гэдэг нь харагдана. Учир нь орон нутгийнхан хандив, тусламж авах сонирхол их, сумын зүгээс шууд эрх мэдэлтэй, хяналтын механизм сул байгаа нь ингэж хэлэх үндэс болж байна.
АРДЫН ЭРХ сонин
