| |
Хятадын түүхэн дэх цэцэрлэг байгуулах урлаг
Эртний нэгэн домог Хятадын цэцэрлэгийн урлагт асар их хувь нэмэр оруулсан гэдэг. Домогт өгүүлснээр Хятад, Солонгосын хилийн зааг дахь Бөхай тэнгисийн гурван арлын хамгийн өндөр цэгт 8 хүн үхэшгүй мөнх амьдардаг гэнэ. Пенглай нэрт тэрхүү арал алт, цагаан алт, үнэт чулуу ихтэй. Өвчингүй, өвөлгүй бөгөөд дарсны шил, будааны аяга нь цаг ямагт дүүрэн байдаг ажээ.
Нийтийн тооллын өмнөх 221 онд эзэн хаан Инжэн бүх өрсөлдөгчдөө дарж, арав гаруй жил Хятад орныг захирчээ. Инжэн хаан дээр өгүүлсэн домгийг сонсож, мөнхийн амьдралыг мөрөөдөн Пенглай арлыг олох зорилгоор экспидици явуулсан ч олж чадсангүй. Иймд нийслэл Шианяан хот дахь ордныхоо ойролцоо Ланчи хэмээх цэцэрлэг байгуулж, Пенглайн хуулбарыг бүтээжээ. Мөнхийн амьдарлыг хүссэн Инжэн хаан нас барсны дараа түүний эзэнт гүрэн мөхөж, нийслэл хот болон цэцэрлэг нь устаж үгүй болсон ч Хятадын цэцэрлэгийг хэв маягийн үндэс болсон гэдэг.
Язгууртнууд, сайд түшмэдүүд олны хөлөөс зайдуу, гадаад ертөнцөөс тусгаарлаж цэцэрлэг барьдаг байв. Жингу хэмээх язгууртан "Алтан хөндий" нэрт цэцэрлэг байгуулжээ. Тэр цэцэрлэгтээ яруу найрагчдыг урьдаг байсан тухай сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Алтан хөндийд хятадын газар бүрээс авч ирсэн элдэв жимсний мод, эмийн ургамал тарьжээ. Хоёр зуун хонь, тахиа, гахай, галуу, нугас тэжээж, усан тээрэм, загас үржүүлэх цөөрөм байгуулжээ.
307-365 онд амьдарч байсан нэрт яруу найрагч Ванг Шизи Цэцгэн асарт цэцэрлэг хэмээх ном бичжээ. Тэр цэцэрлэгтээ яруу найрагчдыг урьж ирүүлээд, горхины дэргэд сууж усны урсгал дээр дарстай аяга хөвүүлдэг байсан тухай бичжээ. Аягатай дарс нь хэн нэгэн яруу найрагчийн дэргэд хөвж очиход тэр найрагч дарсыг уугаад, шүлэг зохиож өгнө. Энэ цагаас хойш дарстай аяга хөвүүлэх хиймэл горхи хятадын цэцэрлэгт түгээмэл болсон гэдэг.
Хүйзун хаан дараа нь нийслэлээ Жианань муж руу нүүлгэж, Лин-Ань хотын баруун нуурын эрэгт бас нэгэн гайхамшигтай цэцэрлэг бариулжээ. Тухайн үед хаад язгууртнаас гадна эрдэмтэд, төрийн албан тушаалтнууд, худалдаачид хүртэл орон сууцныхаа дэргэд цэцэрлэг барих болжээ.
1271 онд Хубилай хаан Монголын их Юань улсыг байгуулав. Тэрээр өнөөгийн Бээжин хотноо "Дайду" нэрт шинэ нийслэл байгуулсан юм. Юань улсын хамгийн алдартай цэцэрлэг Ханаду нь Хубилай хааны зуны ордны цэцэрлэг байжээ.
Хятад оронд мандсан хамгийн сүүлийн хаант улс бол Манжчин гүрэн юм. Чин улсын үед баригдсан хамгийн алдартай хоёр цэцэрлэг нь зуны ордон, хуучин зуны ордны цэцэрлэг юм. Аль аль нь тансаг, боловсронгуй байдлын бэлэг тэмдэг болдог. 1738-1768 онд эзэн хааны зураач байсан Франц хүн Аттирэт "Энэ цэцэрлэгийн хад, чулуу бол жинхэнэ үнэт чулуу, арал дээрх 100 тасалгаа бүхий ордны гоо үзэсгэлэнг үгээр илэрхийлэхийн аргагүй" хэмээн тэмдэглэжээ. Боксеруудын бослогын үеэр уг цэцэрлэг сүйдсэн ба одоо түүнийг сэргээж байгаа гэнэ.
Хориотой хот гэгдэх эзэн хааны ордны цэцэрлэгийг Юань гүрний Дайду хотын туурин дээр барьсан гэдэг. 1703-1792 хооронд эзэн хаан Бээжингээс 200 км зайтай, зүүн хойд зүгт 560 га газрыг эзэлсэн цэцэрлэг орд, харш, шинэ цогцолбор барьжээ. Энэхүү асар том хэмжээтэй цэцэрлэг харьцангуй бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн байна.
Хятадын цэцэрлэгүүдийг нэг цэгээс харж болдоггүй, заавал дотуур нь аялж байж бүгдийг нь үздэг онцлогтой. Барууны зарим жуулчин хэт замбараагүй, шавааралдсан, өөр өөр загвар бүхий барилгуудтай хэмээн шүүмжлэх нь бий. Хятадын сонгодог цэцэрлэгийн хэмжээ өөр хоорондоо адилгүй байдаг. Сүжөү дахь түшмэдийн цэцэрлэг хамгийн том буюу 10 га талбайтай. Цэцэрлэгийн тавны нэгийг нуур эзэлнэ. Сонгодог цэцэрлэгийг ханаар хүрээлэх бөгөөд нуур, цөөрөм нь ихэвчлэн төвдөө байрладаг байна.