| |
Шонхорынхоо асуудлыг мэддэггүй яамаар яах юм бэ
Арабын баячуудын Монголд элэгтэй байдаг шалтгаануудын нэг нь шонхор шувуу. Монгол Улсын хилээр Шейх нэвтэрсэн л бол буцахдаа шонхор шувуутай л буцна. Энэ үед хэн сайд дарга байх, ямар хориг тавигдсан байх эсэх нь огтхон ч хамаагүй. Ёстой л мөнгө цагаан нүд улаан гэгч л энд үйлчилнэ.
Монгол Улсын идлэг шонхорын экспортоос жилдээ 4.1 тэрбум төгрөгийн ашиг олдог байсан цаг саяхан. Ер нь их ашигтай наймаа байлаа. Гэвч хориг тавигдснаар шонхорын наймаанаас улсын төсөвт суух орлого эрс багассан юм. Шонхорыг наймаалах нь сайн муу гэж дүгнэх гэсэнгүй. Харин худалдааг хориглосон нэртэй хэдхэн дарга сайд энэ шувуугаар бизнес хийж халаасаа дүүргэж байгааг л онцлох гэсэн юм. Өөрөөр хэлбэл жилдээ 4.1 тэрбум төгрөгийн ашиг өгдөг байсан энэ бизнес хэн нэгний халаасыг дүүргэж эхэллээ. 1994 оноос эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд жилд 300 идлэг шонхор, 2013 оныг хүртэл 3500-аад толгой идлэг шонхорыг Араб, Катарын баячуудад худалдаж, олсон орлогыг нь төсөвт суулгасан байдаг.
Тэгвэл 2013 онд идлэг шонхорын экспортыг хориглосон шийдвэрийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун гаргаж байв. Гэвч хориг тавьсан хэдий ч худалдаа хийгдсээр л байна. Саяхан л Арабын хэдэн нөхдүүд ирж дур зоргоороо аашилж байгаад явсан зураг цахим хуудсаар цацагдсаар байгаа билээ.
Харин асуудлыг хариуцаж, хяналт тавих ёстой БОАЖЯ-наас "бид шонхор агнах өгдөггүй” гээд өөрсдийгөө өмгөөлж сууна. Засгийн газар тогтоол гаргадаг нь үнэн. Гэхдээ л яамны сайд хэчнээн шонхор барих боломжтой тоог гаргаж, Засгийн газарт танилцуулсаар тогтоол гардаг гэдгийг мартчихаагүй биз дээ. Мөн Засгийн газрын шийдвэр, тогтоолыг хэрэгжүүлэгч нь БОАЖЯ. Гэтэл шонхор олноор нь агнаж, барьсан асуудлыг бид мэдэхгүй гээд мөрөө хавчаад сууж байдаг. Салбарынхаа асуудлыг мэддэггүй юм бол өөр юуны асуудлыг мэдэх гэж энэ салбарт ажиллаад байгааг нь ойлгохгүй юм.
Үндэстэн агентлаг