| |
Өсвөр насныхан цахим гэмт хэрэгт золиос болсоор байна
Техник технологи хөгжсөн хорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч болсон. Энэ нь сайн тал олонтой ч сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдацтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар цахим харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.
Хамгийн харамсалтай нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм.
Дээхэн үед эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарч хаана юу хийж байгааг нь хянах боломжтой байсан бол өнөө цагт тийм боломж байхгүй болсон. Учир нь гэртээ томоотойхон компьютерийнхээ урд суугаа хүүхдээ хараад эцэг эхчүүд гэрээс гарч дэмий тэнэдэггүй сайн хүүхэд гэж боддог. Гэтэл таны хүүхэд цахим ертөнцөд нуугдаж буй хорон санаат гэмт хэрэгтнүүдэд хууртаад маш том эрсдэлд орчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй.
Учир нь цахим хэлбэрээр насанд хүрээгүй хүүхэдтэй танилцаж гэмт хэргийн хохирогч болгох хэрэг нэмэгдсээр байна. Насанд хүрээгүй хүүхдийн гэнэн байдлыг соргогоор ашиглан нүцгэн зургыг нь авч олонд дэлгэх, сүрдүүлэх гээд янз бүрийн аргаар гэмт хэрэгт татан оруулсаар байна.
Номын сангууд эзгүйрч, интернэт кафе ачааллаа дийлэхгүй байгаа нь энэ цаг үеийн хамгийн том эмгэнэл юм
Албан бус судалгаанаас үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн 48 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээний сайтуудад нийтэлдэг бол, 10-17 насны хүүхдүүдийн 56 хувь нь хэн нэгэн этгээдэд өөрсдөө ч мэдэлгүй хувийн мэдээллээ өгч байдаг.
Харин 16-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг байна. Нийгмийн сүлжээний сайтууд хүмүүсийн хувийн мэдээллийн байнга шаарддагаас гадна хүүхдүүд бусдад их найз нөхөдтэй харагдахын тулд бодит амьдрал дээрээ таньж мэдэхгүй хүмүүсийг найзын жагсаалтандаа оруулдаг нь бас нэг том эрсдэл юм. Тэд интернэт орчинд бичсэн зүйлсийг буцаах боломжгүй, тэднийг найз нөхдөөс нь гадна гэмт этгээдүүд харж байгааг мэддэггүй учраас мэдээллээ нийтэлдэг.
Үүгээр нь далимдуулж таны 13 настай охиныг хуурамч мэхэлж хүчиндэх, барьцаалах хэрэг гарч болзошгүйг цагдаагийнхан сэрэмжлүүлсээр байгаа. Учир нь, таны охины интернэт дэх 13 настай найз хөвгүүний цаана дүрээ нуусан гаж донтон байх боломжтой. Ийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ сошиал медиа сайтуудад хэнтэй нөхөрлөөд юу ярилцаж байгаад байнгын хяналт тавьж, үе үе найзуудынх нь жагсаалтыг шалгахад гэмгүй болов уу.
Бодит амьдрал дээр 20 хүрэхгүй найзтай хүүхэд интернэт орчинд 2000 найзтай байдаг. Энэ л хамгийн том эрсдэл юм. Интернэтэд хулгай, дээрэм хийхээс авахуулаад хүнийг яаж тарчлаан зовоох, тэсрэх бөмбөг яаж бүтээх гээд бүхий л мэдээлэл бий. Ийм учраас бид хүүхдээ хүн төрөлхтөний суут бүтээлүүдийн нэг интернэт дэх аюулаас хамгаалах хамгийн чухал болоод байна.
Одооний өсвөр насны хүүхдүүдийн постыг хараад байхад ихэвчлэн "Лайк дарвал дотно чатлая би эхэлнэ, "Relationship хийх нь лайк" гэх мэт постууд байдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд хамгийн том боломж болдог.
Тиймээс мэдээллийг богино хугацаанд олон нийтэд тараах, олон найз нөхөдтэй болох боломжтой хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай нээлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог цахим ертөнцөд хэт нээлттэй байх нь хүйтэн сэтгэлтнүүдийн хохирч үлдэх магадлалыг өндөрсгөдөг гэдгийг хүүхэд залууст сануулж, сэрэмжлүүлэх шаардлагатай болж байгаа юм.
Иймээс эцэг, эх асран хамгаалагчид ч маань энхрий бяцхан үрсээ цахим гэмт хэргийн золиос болгохгүйн тулд тодорхой хэмжээгээр хяналт тавих хэрэгтэй байгаа юм.
Т.Гэрэл
zaluu.com