| |
“Оюутолгой”-д анх хэдэн ам.доллар төлөвлөсөн бэ?
Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум ам.доллараар нэмэхээ эрх мэдэл бүхий хүмүүс гадаад, дотоодгүй зарлачихлаа. Гэтэл тус ордын хөрөнгө оруулагчид 2006 онд Өмнөд Оюутын ордын ил аргаар ашиглах хэсгийн эдийн засгийн үр ашгийн урьдчилсан тооцоог далд аргаар ашиглах Хюго Дамметийн хойд, урд хэсгийг оролцуулсан өргөтгөсөн тооцооны хувилбарын хамт анх Канад, Австралийн мэргэжлийн компаниудаар хийлгэсэн байдаг. Мөн Оюутолгой ордыг нийтэд нь ил ба далд аргаар ашиглах ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг зэс-алтны бүлэг ордын батлагдсан нөөцөд тулгуурлан 2007-2008 онд хийлгэсэн байна. Ингээд Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг Эрдэс баялгийн зөвлөлд оруулан 2010 оны нэгдүгээр улиралд хэлэлцүүлжээ.
Тус хэлэлцүүлгийн протоколд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын нийт дүнг таван тэрбум 124 сая ам.доллар, үүнээс ил уурхай 278 сая, далд уурхай нэг тэрбум 512 сая, баяжуулах үйлдвэр 832 сая, дэд бүтэц 646 сая, цахилгаан станц 460 сая, шууд бус зардлууд 228 сая, эзэмшигчдийн зардал 176 сая, хаягдлын аж ахуй 261 сая, валютын ханш ба тооцоолоогүй зардал 438 сая, зардлын болзошгүй өсөлт 293 сая, байгаль орчин ба хаалтын зардал хоёр сая ам. доллар байна гэжээ. Эндээс харахад эзэмшигчдийн зардал, валютын ханш ба тооцоолоогүй зардал, зардлын болзошгүй өсөлтийн нийлбэр дүн болох 907 сая ам.доллар нь хөрөнгө оруулалтын нийт дүнд 17.7 хувь эзэлж байхад далд уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ойлголт ерөөс байж болохгүй. Харин ч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байтугай тодорхой хэмжээгээр бууруулах ёстой гэж зарим хүн үзэж байгаа юм.
Хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газартай Оюутолгой ордыг ашиглах талаар 2007 онд хэлэлцээг гурван үе шаттайгаар хийж, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний төслийг талууд тохиролцож, түүнийг УИХ-ын тогтоолын төслийн хамт тухайн үеийн Засгийн газар, УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ гэрээний төсөлд 54 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг ил ба далд уурхай, цахилгаан станц, хаягдлын аж ахуй, дэд бүтэц болон бусад дагалдах обьектуудын хамт барьж байгуулахад хоёр тэрбум 724 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тооцож тусгажээ.
Дэлхийн зах зээлд 2008 оноос эрчим хүчний түүхий эдийн болон металлын үнэ буурсан. Ийм нөхцөлд буюу 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм. Гэтэл Хөрөнгө оруулагчидтай 2007 онд тохиролцсон хөрөнгө оруулалтын хэмжээг бараг хоёр дахин өсгөжээ. Үүнийг Монголын Засгийн газар "Айвенхоу майнз” болон "Рио-Тинто” компанид гурван тэрбум ам.доллараар үндэслэлгүй буулт хийж, панз үсэргэсний үр дүнд хөрөнгө оруулагчдын талд ихээхэн ашигтай наймаа болж гэж зарим нь эгдүүцдэг. Тэд одоо ч Монголын Засгийн газар Хөрөнгө оруулагчидтай 2007 онд тохиролцсон гэрээнүүдийн нөхцлөөс ихээхэн дордуулж, 2009 оны аравдугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдийг баталсанд харамсч байна.
Хачиртаа "Айвенхоу майнз” компани Оюутолгой ордын хайгуулын эхний жилээс энэ ордоор хөрөнгө мөнгө босгож ажилласан юм билээ. Үүнийг манай улсын Засгийн газар ердөө ч анхаарч үзэлгүй тэдэнд завшуулсаар байгаа юм. "Рио-Тинто” болон "Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн мэтээр ухуулга сурталчилгаа байнга хийж буй. Энэ нь тэдний ээлжит худал хуурмаг явуулга, заль мэх гэдэг нь одоо нэгэнт тодорхой болсон. Хөрөнгө оруулагчид уг хэтрэлт гээчийг санаанаасаа зохион ярьж байгаа бөгөөд бодит тулгуур баримт материалд үндэслээгүй. Ийм байдлыг урьд нь Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдэд, бас төслийн ТЭЗҮ-д удаа дараа давтан гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, буруу аргад амташсан гэрээ арван гурав эргэдэг болжээ.
Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон ТЭЗҮ хуулийн хүчин төгөлдөр баримт. Тэгвэл эрхзүйн чадамжтай энэхүү баримтаар далд уурхайг барих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Хэлэлцэн тохирогч этгээдүүд Оюутолгой ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг хэдийнэ тохиролцож, харилцан баталгаажуулчихсан. Харин ч Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчид нэн тааламжтай нөхцлөөр ямар ч хяналтгүйгээр хөрөнгө оруулалтын дүнг эхний удаагийн харилцан тохиролцсон гэрээний төсөлд нэг тэрбум гаруй, хоёр дахь удаагийн хэлцлийн үр дүнгээр тохиролцож батлагдсан гэрээгээр гурван тэрбум ам.долларыг өсгөж өгсөн юм.
Иймээс ТЭЗҮ-ийг тодотгон өөрчлөх нэрийн дор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр "Рио-Тинто”-гийн тавьж байгаа саналыг Засгийн газар хүлээж авах үндэслэлгүй юм. Мөн Оюутолгой ордын төслийн хөрөнгө оруулалт хэтэрсэн эсэхийг Сангийн яам бүтэн жил шахамын хугацаанд шалгасан. Олон хүний бүрэлдэхүүнтэй хийсэн шалгалтын дүнг өнөөдрийг хүртэл тас нууцалж, олон нийтэд танилцуулаагүй. Энэ нь ард түмэнд ихээхэн хардлага төрүүлсээр байна. Гэтэл энэ шалгалтын дүн улсын нууцад огтхон ч хамаарахгүй. Жирийн нэг компанийн үйл ажиллагааны талаарх байдаг л баримт шүү дээ. Энэ бүхний эцэст зах зээлд дөнгөж хөл тавьж, тэнцвэрээ олох гэж ядаж байгаа буурай орнуудад хөрөнгө оруулж, хөгжилд нь туслах нэрийн дор байгалийн баялгийг нь цөлмөж сурсан, олз ашгийн төлөө юу ч хийхээс буцдаггүй "Рио-Тинто”-н жинхэнэ дүр төрх улам тодорч байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин