| |
Э.Бат-Үүлийн мэдэгдлийн дараа...
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг 18 жилийн дараа дахин сөхөгдлөө. Тогтмол шахуу УИХ-ын сонгуулийн өмнө дэвэрдэг уг сэдэв энэ удаад мөчлөг зөрж гарч ирсэн нь анхаарал татав. Юун түрүүнд хотын дарга асан Э.Бат-Үүл мэдэгдэл хийж, өөрийг нь 18 жилийн өмнөх хэрэгт хоёр дахиа сэжигтнээр татсаныг дуулгалаа. Удаа ч үгүй С.Зориг агсны гэргий Б.Булган 11 сар хоригдож байгаад өнгөрсөн баасан гаригт суллагдсан нь ил тод болов. Э.Бат-Үүлийг гэнэт яагаад шалгах болов, Б.Булганыг гэнэт яагаад суллав гэдэгт албаны хүмүүс тоймтой, тодорхой хариулт өгсөнгүй. Энэ хэрэг ямар шатандаа яваа, цаана нь улс төрийн шалтгаан байгаа эсэхэд барим тавим хариулт өгөх хүн тун ховор байна. Харин таамаг төдий мэдээллүүд л ар араасаа хөвөрсөөр байгаа юм. Тухайлбал, Э.Бат-Үүл ирэх 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж өрсөлдөх гол нэр дэвшигч байсан гэх тайлбар цахим ертөнцөд явж байна. Э.Бат-Үүл баатар ч үүнийг хэлсэн. Гэхдээ энэ бол нотлогдох аргагүй мэдээлэл. Харин бодитой яригдаад эхэлсэн нэг зүйл байгаа нь АН-ын дотоод улс төр юм.
Э.Бат-Үүлийг мэдэгдэл хийхээс өмнө АН-ын ҮЗХ-ны хуралдааны тов гараад байв. Тов ёсоор ҮЗХ нөгөөдөр хуралдах учиртай. Энэ хурлаар хэлэлцэх гол асуудал нь намын дүрмийн шинэчлэлийн талаархи ажлын хэсгийн санал, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ялагдлын шалтгаан, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлын бэлтгэх хангах зэрэг байгаа дуулдсан. Өөрөөр хэлбэл, АН-ын дараагийн даргыг тодруулах уу, үгүй юү, нэр дэвшүүлэлт ямар байх вэ, ядаж л ирэх сард болох сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд намаа хэн авч орох вэ гэдгийг шийдэх учиртай хурал гэсэн үг. Энэ хурлын сценари Э.Бат-Үүлийг мэдэгдэл хийхээс өмнө нэг янзаар бичигдэж байснаа мэдэгдэл хийсний дараа тэс ондоо хувилбар руу орсныг АН-ын дотоодод ярих болжээ. АН-ын дараагийн дарга нь Э.Бат-Үүл болох ёстой гэх хэсэг АН-ын дотор байгаа нь нууц биш. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай яриа бол бүр эртнээс гарсан. Үүнийг Э.Бат-Үүл ч өөрөө мэдэгдэл хийхдээ мэдэгдсэн. Тэгвэл одоо түүнд энэ бүх боломжууд нь байгаа юу. Уг нь хотын даргаар улиран ажиллах боломж нь хаагдсанаар АН-ын дарга, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч болох дайралтаа эхлүүлэх хаалга нээгдээд байсан юм. Одоо харин С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт дахин шалгагдаж эхэлснээр энэ бүх хаалга нь ээлж дараалан хаагдах магадлал тун өндөр болоод ирлээ. Мэдээж Э.Бат-Үүлийн хаалга хаагдвал бусдынх нь нээгдэх магадлал өндөрсөнө. Тодруулъя.
З.Энхболд сонгуулийн хариуцлагаа хүлээж огцорсноо мэдэгдсэнээс хойш АН-ын удирдлага албан ёсоор генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хоёрт шилжсэн. Тэндээсээ Э.Бат-Үүл улам дээшээ дэвших магадлал хүчтэй яригдсан учраас АН-ын зарим гишүүн сонгуулийн хариуцлагыг намын гурван дарга гурвуулаа хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн ч байх талтай. Үүн дээр нь С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан дахин шалгуулж байгаа нь Э.Бат-Үүл баатарын байр суурийг ганхуулна уу гэхээс бэхжүүлэхгүй. Тиймээс ч АН-ын фракцууд ҮЗХ-ны хуралдаанаас өмнө хэнийг дарга болгох вэ, ядаж л их хурал хүртэлх хугацаанд АН-ын түр дарга хэн байх талаар ярилцаж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлснээр фракцуудынх нь тохироо ёсоор АН-ын түр дарга МҮДН фракцаас, генсек нь "Алтан гадас”-аас байхаар ярьжээ. Энэ тохироог дундаас нь "үймүүлэх” магадлалтай хүн нь мэдээж Э.Бат-Үүл, бас өөрөө намын удирдлагын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдчихсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нар байсан. Харин одоо өрсөлдөөн өөрчлөгдөж өөр хувилбарууд яригдаж эхэлсэн дуулдана. Гэхдээ фракц бүр дор бүрнээ ярьж байгаа бөгөөд өнөө маргаашдаа саналаа багцлах бизээ.
Ямар боловч АН-ын ҮЗХ-ны хуралдааныг хэт нэг фракцаас хамааралтай болгохгүйн тулд хуралдаан даргалагчаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, А.Бакей нарыг ажиллуулахаар болсон аж.
АРДЫН ЭРХ сонин