|
Видео

Шинэ мэдээ

Огцруулах гарын үсэгтэй “шоу”

Эрх баригчид "баг алдаг” хэсгээ барьж торгоох арга хэрэглэж байна гэж хэлэлцэх болов. Магадгүй зарим нь доорх асуудлыг одоо мартсан байх. Харин санаж буй зарим хүмүүс тэдний үг, үйлдлийг анхааралтай ажиглаж, өөсрдийн үнэлэлт, дүгнэлтээ өгч байна.

МАН-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар санал цуглуулж эхэлсэн талаар есдүгээр сарын 03-ны өдөр хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ ажлыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй МАН-ын хэсэг нөхөд зохион байгуулж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчимтэй цацагдсан. Ингэхдээ шалтгааныг нь тэтгэвэр тэтгэмж, цалин, хөлсийг буурах хуулийн төслүүд өргөн барьсантай холбон тайлбарласан. Энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн гэлээ ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй гэдгээ УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин саяхан хэлжээ. Тэгэхээр огт хоосон зүйлийг овоолон босгосон байж таарах нь. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ. Тэгвэл хэн овоо босгов? Гол нь огцруулах тухай мэдээлэл гарсан даруйд үгүйсгэсэн мэдэгдэл хийгээгүй нь анхаарал татаж байгааг нуух юун.

Огцруулах гарын үсэгтэй “шоу”Үүнээс өмнө наймдугаар сарын 09-нд мөн огцруулах гарын үсгийн тухай мэдээлэл гарч байсан. Сануулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын дарга Ц.Сандуйд МАН-ын гишүүд итгэл үзүүлэх боломжгүй хэмээн түүнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэж байлаа. НИТХ дахь МАН-ын 34 төлөөлөгчийн 20 орчим нь "Ц.Сандуйд цаашид итгэл эс үзүүлнэ, НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах шаардлагатай” гэсэн бичигт гарын үсэг зураад байсан гэдэг. Тухайн үед эх сурвалж "Сонгуулийн үеэр дэлгэгдсэн 60 тэрбум төгрөгийн албан тушаалын наймааны асуудал, Мөн нийслэлийн хууль бус газар олголтонд нэр нь холбогддог зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл болж байгаа тул хурлын төлөөлөгчид гарын үсгээ зураад байна.” гэж байсан. Тэгвэл энэ асуудал мөн нэг өдрийн настай байв. Огцруулах хэмжээний гарын үсэг цуглаагүй гэх тайлбар өгөх байх. Угаас цуглуулах ч үгүй байсан юм билүү.

Өмнө нь тухайлбал, Ч.Сайханбилэгийг огцруулах санал гарч байхад хэн хэний гарын үсэг байсныг ил тод мэдээлж байсан санагдана. Мөн Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан гэх гишүүдийн нэрс ч нээлттэй байдаг. Харин энэ удаад тэр талын мэдээлэл огт байгаагүй.

Тиймээс дээрх мэдээллүүд МАН-нхны зүгээс нэр хүндээ аврах "шоу” болж харагдах болжээ. Өөрөөр хэлбэл, олон нийтээс нэлээд шүүмжлэл хүртэж, намын нэр хүндэд нь нөлөөлөхүйц ам, ажилтай нэгнээ МАН өөрсдөө огцруулах дүр эсгэн шуургыг намжааж байна гэж зарим хүмүүс хардаж байгаа юм. Тэдэнд ингэж хардах эрх бий. Туйлшрамтгай монголчууд бидний салхийг эргүүлэх тун амархан байдаг нь улс төрчдөд олон таатай нөхцөл боломж олгодог нь үнэн. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа гарч эхэлсэн даруйд араас нь татвар нэмэх тухай дуулиан дэгдэж, эцэст нь сайдын асуудал ард хоцров.

Энэ мэтчилэн өөр өөр сэдвээр өмнөх асуудлыг булж дардаг тактикийг МАН маш сайн хэрэгжүүлж байна гэж дүгнэж байгаа юм. Тэднийгээ орхиж, нүүр буруулдаггүйн учрыг Ц.Сандуйн "ам алдсан”, хууль хяналтын байгууллагаас "эвлүүлэг" гэж тогтоосон бичлэг дээрх яриатай холбон тайлбарлах хүн ч бий.

Ийнхүү МАН энэ сонгуулиар эрх барьснаасаа хойш албан тушаалтнаа ард түмнээс аврах, төрийн албаныхныг ялгаварлан халах гэсэн хоёр ажлыг хамгийн сайн гүйцэтгэж байна.

Орон нутгийн сонгуулийн өмнө дуулианаа дарах энэ мэт гарын үсэгтэй шоу, шоуны араас мартагнуулах ховст ажиллагааг хэчнээн хүн үргэлжлүүлэхийг бид таашгүй. Саваагүй хуцах ноходынхоо амыг сайтар мэдэж байхгүй бол эрх бариад гурван сар ч болоогүй байхдаа хоёр албан тушаалтны асуудалд орж байгаагаас үзэхэд ирэх сонгуульд тэд уйлж мэдэхээр байна. Хэт олонх болсон МАН-ыг анхаарах ард олны нүд хурц, чих соргог болсныг сануулах нь илүүц биз ээ. Гэхдээ ханилж яваад нөхрөө хаядаггүй МАН-аас суралцах зүйл бусдад их бий.

Д.Билгүүн

bataar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler