| |
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах хөдөлгөөн идэвхижжээ
УИХ-ын гишүүд дотор Ерөнхий сайдыг огцруулах санаа бодолтой гишүүд цөөнгүй байна. Тэр дундаа намын нөхөд нь энэхүү ажлыг эхлүүлж байгаа нь түүнийг суудлаас унагах магадлал улам их нэмэгдэж байгаа хэрэг. Учир нь эдийн засгийг аврах ажил нэртэйгээр хийсэн Ерөнхий сайдын алхамууд төдийлөн санаанд нь нийцэхгүй байгаа бололтой.
Тиймээс Ардын намынхан дотроос нэр бүхий гишүүд хамтран Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэнэ. Энэхүү гарын үсэг цуглуулах ажлын багийг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар толгойлж байгаа сурагтай. УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд асуудал үүсч, Ерөнхий сайд огцорч магадгүй гэсэн яриа хөөрөө улс төрийн хүрээнд гараад байв.
Одоо хүртэл Мэргэжлийн тодотголтой Засгийн газар учраа олохгүй, арга ядсан, эргэж буцсан шийдвэрүүд гаргаж, тэр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, оруулж ирсэн саналуудыг нь УИХ "муйхар байна” хэмээн унагааж, мухардалд орж байгаа. Жишээбэл, Монголбанк мөнгөний бодлогын хүүг огцом нэмсэн, "Стэнд бай” хөтөлбөрийг нууцаар бараг л хэрэгжүүлээд эхэлсэн, түүнтэйгээ уялдуулсан гэх хардлага дагуулсан цалин танах, хүүхдийн 20 мянгыг ялгавартай олгох, оюутны 70 мянгыг өгөхөө болих, орон тоо цомхотгох саналуудыг оруулж ирсэн нь бүгд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Түүгээр зогсохгүй МАН-ын мөрийн хөтөлбөртэй бүгд эсрэгцэж, олонхи болонгуутаа "Хадны мангаа” болж ард түмнээ айлгаж, доромжиллоо гэсэн дүгнэлтэд хүргээд байгаа. Дээр нь Засгийн газраас улсын төсөв тодотгох хүрээнд найман төрлийн татварыг нэмэх санал оруулсан нь бүр ч гал дээр давс нэмэж орхисон.
Ер нь гурван хэсэгт гарсан энэ багийн нэг нь л 10 гишүүнтэй тулж ажиллаж байгаа гэж үзвэл, нийтдээ 30 гишүүн болно. Дээр нь МАХН-ын цорын ганц төлөөлөл О.Баасанхүү гараа өргөж таарах биз. Бие даагч гишүүн С.Жавхлан дэмжих нь ойлгомжтой. Хамгийн гол хүч бол АН-ын бүлгийн гишүүд бүгд гарын үсэг зурснаар 76 гишүүний дийлэнхийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гарч мэдэхээр байна.
ЧОЙ