|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайдын суудал ганхах уу

АН-д сайд нарын марафон аль хэдийнэ эхэлжээ. Чуулганы хуралдаанд өдрийн од шиг тоотой суудаг гишүүд сайдын сургаар хөдөлгөөнд орж эхэлсэн байна. Гишүүдийн өрөөг татаж, сайд болохоор гарын үсэг цуглуулж явааг цахим ертөнцөд нээлттэй байдаг М.Зоригт гишүүнээс эхлээд олон хүн хэлж байгаа юм. Тэгвэл АН-ын лидерүүд ч албан тушаалын хуваарилалтад санал нийлэхгүй байгаа гэнэ. Тодруулбал, АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зарим томилгоо дээр санал зөрөлдсөн болохоор бүлгийн хуралдаан болоогүй гэх бор шувуу ч нисч байна. Даарин дээр давс гэгчээр "Шударга ёс” эвслийн бүлгийнхэн ч АН-ыг аялдан дагаж, гаргасан шийдвэр болгоныг алгаа ташин хүлээж авахгүй гэдгээ бүлгийн хуралдаанаараа ярьсан сурагтай.

 

Тиймээс "Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа Засгийн газрын сайд нарыг асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэвлэлийнхэнд мэдээллээ. Өөрөөр хэлбэл, эвслийн бүлгийнхэн АН-ынхныг Өршөөлийн хуулиар барьцаалахаар шийджээ. Сайдын томилгоотой холбоотойгоор Төрийн ордон бужигнаан ихтэй байна. Тэгвэл шийдлийн Засгийн газрыг байгуулснаас хойш Ерөнхий сайдыг санаачилгыг гартаа авч ажиллахгүй байна гэж дүгнэх хүн цөөнгүй бий. Үүний тод жишээ нь УИХ-ын дарга З.Энхболдын гартаа атгасан улс төрийн хөзрөөр МАН-ын сайд нарыг огцруулсан явдал юм. Одоо МАН-ын сайд нарын оронд хэнийг томилох гэдэг асуудал дээр ч Ерөнхий сайд санаачилгыг гартаа авч чадахгүй байна.

Энэ нь эргээд Ерөнхий сайдыг бие даасан, шийдвэр гаргах чадваргүйг илтгээд байгаа юм. Тиймээс өөрөө толгойгүй мэт АН-ын гишүүдийн үгийг аялдан дагадаг Ерөнхий сайдыг цаашид энэ албан тушаалыг хаших эрхгүй гэж дүгнэх нэгэн ч байна. Үүнтэй зэрэгцээд МАН-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулж магадгүй гэсэн мэдээлэл чих дэлсэх боллоо. Анх гарч ирэхдээ Ерөнхий сайд эдийн засгийг онилж, өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулна гэсэн ч эсрэгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх гэж байгаа мэт халаа сэлгээ хийж байна. Түүний үг, үйлдэл алд дэлэмийн зөрүүтэй байгаа болохоор Ерөнхий сайдын суудалдаа тэсч үлдэх болов уу. АН нам дотор ч түүнийг унагах сонирхолтой хүмүүс бий гэх юм билээ. Улс төрийн салхи хаашаа эргэхийг л хүлээж суух үлдлээ.

Ц.Анир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler