| |
Террористуудын эсрэг хүүхдүүдийг бэлтгэж байна
Ирак дахь сөрөг хүчнийхэн "Исламын улс” бүлэглэлийн дайчдын эсрэг хийх тэмцэлд хүүхдүүдийг татан оролцуулахаар бэлтгэж байгаа аж. Энэ тухай мэдээллийг олон улсын хүний эрхийг хамгаалах Human Rights Watch байгууллагын тайланд дурджээ.
Иракийн Курдистан дахь дүрвэгсдийн лагериас хүүхдүүдийг уруу татан террористуудтай тэмцэх ажиллагаанд татан оролцуулж эхэлснээс хойш Иракийн Засгийн газар сөрөг хүчнийхнээ дэмждэг боллоо хэмээн уг илтгэлд тэмдэглэсэн байна.
Гэрчүүдийн өгүүлж буйгаар, энэ сарын 14-ний өдөр сөрөг хүчний "Хашад аль-Ашари” бүлгийн дайчид Дебага дүрвэгсдийн хуарангаас насанд хүрээгүй долоон хүүхдийг ятган элсүүлсэн гэжээ. Тухайн өдөр нийтдээ 250 хүн сөрөг хүчнийхэнтэй сайн дураараа нэгдэн, байлдааны ажиллагаанд оролцохоор Мосул хотыг зорьсон байна.
Энэ асуудлаар хүүхдийн эрхийн мэргэжилтэн Билл Ван Эсвельд саналаа илэрхийлжээ. Тэрээр хүүхдүүдийг уруу татах нь "түгшүүрийн дохио” гэж Иракийн эрх баригчдад сэрэмжлүүлсэн байна. Энэхүү үйлдлээ таслан зогсоохгүй бол насанд хүрээгүй хүүхдүүд Мосул дахь дайсагнагч хоёр талд хоёуланд нь тулалдах магадлалтай гэж тэрээр үзэж байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN