| |
Видео
Шинэ мэдээ
Оросууд автомат жолоодлоготой буухиа автобус бүтээнэ
Сүүлийн үед интернетийн хайлтын системийн компаниуд автомат жолоодлоготой машин хөгжүүлэх нь тренд болоод байна. Оросын Яндекс юугаар дутах вэ дээ мөн л энэ салбарт хөл тавихаар шийджээ. Тэд Германы Даймлер, ачааны машин үйлдвэрлэгч КАМАЗ мөн Засгийн газрын дэмжлэгтэй ажилладаг "НАМИ”-н судлаачидтай хамтран 12 хүний багтаамжтай, нэг цэнэглэлтээр 200 км явах боломжтой автомат жолоодлоготой буухиа автобус үйлдвэрлэхээр болжээ.
Яндекс хиймэл оюун ухаан, компьютерийн дүрслэл, дуу танин мэдэхтэй холбоотой өөрийн туршлагаа уг төсөлд ашиглаж байгаа бөгөөд мөн зорчигч автобустай харилцахад (чиглэлээ өгөх, төлбөр тооцоогоо хийх г.м.) Яндексийн гар утасны аппликэйшнийг ашиглах ажээ.
НАМИ уг автобусыг 2017 онд хаалттай зам дээр туршихаар төлөвлөж байгаа юм байна. Оросын хилээс гадна энэ автобусаар зорчих нь юу л бол гэсэн хэдий ч Яндексийн технологийг илүү олон тээврийн хэрэгсэл дээр ашигласан байх нь тийм ч гайхмаар зүйл биш байх болов уу. Харин энэ нь жолоочгүй тээвэрлэлт маш хурдацтайгаар дэлхийн хэмжээний үзэгдэл болж буйг нотолж байна.