| |
Х.Баттулга: Н.Түвшинбаяр аваргаас би хувьдаа огт медаль, амжилт хүлээгээгүй
Монголын жүдочид сүүлийн гурван олимп дараалан нутагтаа медальтай ирж, нэг талаас Монголчуудаа медальд дасгасан гэхэд болно. Харин Рио-гийн олимпоос нэг мөнгөн медаль, хоёр шагналт тавдугаар байр, долоодугаар байрт орсон амжилттайгаар ирсэнд хаа хаанаа чамлангуй байгаа нь нууц биш. Тиймээс ч Жүдо бөхийн холбооныхон хуралдаж, олимпийн ялалт, ялагдлынхаа шалтгаан нөхцөлийг дүгнэн ярилцах үеэр тус холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга хариуцлага үүрч ерөнхийлөгчөөсөө огцрох саналыг тавьсан байна.
Түүний саналыг харин бусад нь хүлээн зөвшөөрөөгүй аж. Тэрбээр хэлэхдээ "Багш дасгалжуулагч та нар маань хийдгээ хийсэн, чаддагаа хийсэн. Би хоёр зүйлийг л чамлаж байна. Нэгд, дэвжээ нь өөр, тэмцээний нэр нь олимп болохоос Рио-гийн наадамд манай жүдогийнхон урьд өмнөх тэмцээнүүддээ дандаа л ялж байсан тамирчидтайгаа голдуу таарч, ялагдлаа. Өмнө нь бид олон ч удаа цэвэр нь цэвэр, оноогоор ялах нь оноогоор ялж байсан. Энэ нь Монголын спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухаан спортоосоо холдсоныг харуулж байна. Хоёрдугаарт, манай жүдогийнхонд Монголын ард түмэн нийтээрээ найдаж байсан.
Би өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн байж улстөрд явсан ч, жүдогоо мартсан нэг ч өдөр байгаагүй ээ. Тамирчдын бэлтгэл, гадаадад дотоодын тэмцээн, багш дасгалжуулагч авчрах, бэртэл гэмтэлтэй тамирчдаа эмчилгээнд явуулах гээд бүх зардлын дийлэнхийг хувиасаа, хувийн компаниудаасаа гаргуулж байсныг ч мэдэх байх. Жилд 2.5-3 тэрбум төгрөг гаргадаг үе ч байсан. Жүдо бол Баттулгын хувийн зүйл биш ээ. Хэрвээ жүдог дэмжвэл Баттулгыг дэмжсэн болно гэж хардаг, боддог хэсэг хүн манай Ардчилсан намын нөхөд дотор их байсан. Иргэдийн итгэл найдвар, бидний хамтын энэ их зүтгэлтэй харьцуулахад ганц медаль чамлалттай байна. Би цаашид ч Монголын жүдо бөхийн төлөө зүтгэнээ. Яагаад гэвэл аливаа үндэстнийг улс төр биш, спорт нэгтгэдэг.Хүүхдүүд, би ирээдүйд Түвшинбаяр, Сумъяа, Бадар-Ууган, Гүндэгмаа болно гэж мөрөөдөхөөс бус, би ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ийм тийм сайд болно гэж мөрөөддөггүй шүү дээ…
Монголын жүдогийн эмэгтэй төрөлд олимпийн анхны медаль, тэгээд бүр алтын дайтай мөнгөн медаль авчирсан Д.Сумьяагаа хөдөлмөрийн баатарт тодорхойлъё. УИХ-ын 2016 оны сонгуулиар Баянхонгорт багаараа очоод миний сурталчилгаанд оролцоод сүлд хийморио унагалаа гэдэг зохион байгуулалттай зориудын яриаг би тоохгүй байнаа. Ер нь тамирчид ард түмнийхээ нэг хэсэгтэй мэндэлснээр сүлд хийморь доройтоно гэж юу байх вэ дэ? Харин бэлтгэлийн дэглэм алдагдсан байхыг би үгүйсгэхгүй. Мөн Н.Түвшинбаяр аваргаас би хувьдаа огт медаль, амжилт хүлээгээгүй. Энэ хүн Монголын жүдогийн төлөө хийдгээ хийсэн, олимпоос авдагаа авчихсан хүн шүү дээ…” хэмээн хэлжээ.