| |
Видео
Шинэ мэдээ
Жүдоч Д.Сумъяа алтын дайтай мөнгөн медаль хүртлээ
Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа бахдам сайхан барилдаж олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Португалын Телма Монтейрог ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд олимп, дэлхийн аварга "Чоно" хочит Японы Каори Мацүмотог 22 секундэд л цэвэр ялсан юм. Харамсалтай нь аваргын төлөөх барилдаанд Бразилын жүдоч Рафаэла Сильватай учраа таарч хариу мэхэнд орж, вазари алдсанаар ялагдсан юм.Гэхдээ энэ вазари үнэн шудрага мэх байсангүй. Силва манай бөхийг унагаахдаа тохойгоороо тахимдчих шиг болсон. Босоо барилдаанаас хөл авах, хүрэх нь жүдогийн дүрмэнд хориотой. Хэрвээ ийм дүрмийн бус барьц авбал шууд тэмцээнээс хасах дүрэмтэй. Тиймээс Д.Силва тэмцээнээс шууд хасагдаж, Д.Сумъяа олимпийн аварга болох байлаа. Гэтэл байдал бүр эсрэгээрээ эргэсэн юм.
Шүүгч Д.Сильваг тэмцээнээс хасах нь битгий хэл вазари үнэлгээ
өгчихөв. Удаашруулсан бичлэгээс ч түүний тохой Д.Сумъяагийн хөлөнд
хүрсэн нь тодорхой харагдаж байна. Д.Силва ч үүнийгээ мэдэж байгаа
бололтой шүүгч рүү баргар харсан юм. Мэдээж шүүгч нар дүрмийн бус
барилдаан хийсэнг нь анзаарах нь ойлгомжтой байсан ч эзэн орны дэвжээ
Д.Сильваг эвээчих шиг боллоо.
Энэ талаар Олон улсын жүдо бөхийн холбооны удирдлагууд "Ханцуйны барьцтай байхад мэх хийж болно"хэмээн мэдэгдсэн юм.
Д.Сумъяа алтын дайтай мөнгөн медаль хүртэж, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан гавьяатай. Тэр Монголын жүдогийн түүхэнд олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч, бас олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болсон юм.
Ц.Соёл-Эрдэнэ FACT.mn