| |
Италид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 хүн амиа алджээ
Италийн нийслэл Ром хотоос 100 милл буюу 150 км зайд орших Риети хотод өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 03:30 цагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлтийн улмаас 10 хүн амиа алдсан талаар "dailymail.co.uk” сайт мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас олон барилга байшин нуржээ. Одоогоор хохирогчдыг ослын газраас аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.
Орон нутгийн хэвлэлүүдэд бичсэнээр Ромын зарим барилгуудад газар хөдлөлтийн эхний 20 секундэд л чичиргээ мэдэгдсэн гэнэ.
"Газар хөдлөлт маш хүчтэй болсон. Ор өрөөн дундуур л хөндөлсөөд ирсэн” хэмээн газар хөдлөлтийн голомтод байсан нэгэн иргэн "Reuters” агентлагт мэдээлжээ.
Газар хөдлөлтийн эхний 20 секундэд ойролцоох газруудад чичиргээ мэдрэгдэж байсан ч гол цөм хэсэгтээ 20 минутын турш хүчтэйгээр үргэлжилсэн байна.
Италийн Гамшгаас хамгаалах төв "Эхний газар хөдлөлтөөр нэг гэр бүлийн настай хосууд гэртээ байшиндаа дарагдан амиа алдсан. Харин дараагийн газар хөдлөлтөөр гурван давхар орон сууцны барилга нурсан. Аврагчид нурангийг холдуулж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн” хэмээн ярьжээ.
Италийн Аквилад 2009 онд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 300 хүн амиа алдаж байжээ.