|
Видео

Шинэ мэдээ

АН-ын ялагдлыг хэн хазаарлах вэ?

 

Намын даргаа МҮДН, Ерөнхий нарийн бичгийн даргаа "Алтангадас ” авна гэх ерөнхий нэг ярианд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд хайрцаглагджээ.

Ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд МАН ялалтаа баталгаажуулах зорилготой оролцоно. Харин Ардчилсан нам ялагдлаа хазаарлах зорилго тавина. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус намын төв байрнаа орон нутгийн сонгуулийг угтсан стратеги төлөвлөгөөг хэлэлцэж, ярилцах нь бүү хэл өөр зуураа нүүр тулан уулзах лидер хоорондын уулзалтын тов ч тодорсон нь үгүй. Харин энэ сарын 25-ны өдөр болох намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас Ардчилсан намын дарга болчих санаатай цөөн хэдэн улстөрчид өөр өөрийн босгосон "майхан”-даа ганцаарчилсан тоглолтын төлөвлөгөө боловсруулж суугаа нь нууц биш юм. Одоогийн хувьд тус намыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат удирдаж байгаа. Түүний энэ удаад барьж буй гол төлөвлөгөө нь Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намын дүрэмдээ "Ардчилсан намыг Их хурал болох хүртэл намын даргын үүрэг гүйцэтгэгч удирдаж болно” гэдэг өөрчлөлтийг хийх. МҮДН фракц өнгөрсөн хугацаанд эрх баригч хүчний хүчирхэг бүлэглэл гэдэг утгаараа санхүүгийн чадавхаа бэхжүүлэх томоосон салбаруудыг удирдаж гартаа авсан. Тэр утгаараа Д.Эрдэнэбатыг даргын үүрэг гүйцэтгэгчээр үлдээсэн тохиолдолд тус нам ядаж өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж тайлбарлах нь олон аж. Харин олны зүгээс ардчиллын анхагчдын нэг гэгдэх Да.Ганболдод Ардчилсан намыг удирдуулах сонирхол идэвхжсэн. Гэсэн ч түүнд ялагдсан намын ачааг үүрэхээс татгалзах хувийн том шалтгаантай гэх яриа гарах болов. Тэгвэл УИХ-ын гишүүн хийгээд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн хувьд "Нэг Ардчилал” фракциараа дамжуулан даргын эрх мэдлийг авах боломж багагүй бий.
 
Гэхдээ түүний мөрөөдөл Ардчилсан намын даргын энд хүрэх ч зүрх зориг хийгээд улстөрчийн характераараа одоогийн нөхдөлд энэ албанаас зугтах эх үндэс болно гэж үзэгсэд ч намд нь байх аж. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хувьд "Шонхор” фракцийг эс тооцвол Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээс дэмжлэг авахад бэрх. Тэр дундаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан гэм бурууг нэр бүхий улстөрчдөөс нэхэх ёстой гэдэг улс төрийн шаардлагад түүний нэр ч багтаж байгаа.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн, "МоАН санаачилга”-ын ерөнхийлөгч Л.Болдын нэр ч Ардчилсан намын даргын албан тушаалд яригдах болсон. Гэхдээ уг фракц Л.Болдыг бус харин УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүг дэвшүүлэхээр яригдаж байна. Энэ нь хувь улстөрчид нь түшиглэх дэмжигчид Лу.Болдынхоос хувь илүү гэдгээр тайлбарлагдах юм. Үүн дээр Лу.Болд гишүүний төвөөс зугтаж, бэлээр тоглох сонирхолтой хувийнх нь араншин ч нөлөөлж буй биз.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд тэрбээр олны хүчээр Ардчилсан намын дарга болно хэмээн төлөвлөсөн байж болох. Гэсэн ч өөд өөдөөсөө олигтойхон мэнд мэдэж, улс төрийн бодлого боловсруулж дөнгөдөггүй тус намын лидерүүдийн хүсэл сонирхлоо нэгтгэх нэг цэг нь Ж.Батзандан гэж болно. Ямар ч тохиолдолд түүнийг Ардчилсан намын дарга болгохыг өвгөн удирдагчид нь зөвшөөрөхгүй. Түүнд тамга атгуулсан л бол АН-ын "цэвэрлэх ажиллагаа” эхэлнэ гэдгийг мэдэж байгаа болохоор тэр.
 
Эндээс үзэхэд ирэх долоо хоногт хуралдах Үндэсний зөвлөлдөх хороо УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хүсэлтийг ёсчилж, харин Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа Алтангадас фракцад өгөх зарчимд тулгуурлах нь үнэн болов уу. Алтангадас фракцаас намын Ерөнхий нарийн бичгийн даргад Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг зүтгүүлэхээр тохиролцсон. Түүний хувьд Ардчилсан намын харьцангуй залуу гишүүний тоонд орох ч өөрийн улс төрийн хүсэл сонирхлоороо чамгүй өндөрт бичигдэх нэгэн. УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг ч тэрбээр төвөггүй авч чадсан эхний үзүүлэлт нь үүнийг гэрчилнэ. Мөн УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нэгдүгээр хүний байр суурь руу үсрэхээс бэрхшээсэн тохиолдолд О.Эрдэнэбулгантай Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд өрсөлдөх нэг хувилбар яригдаж буй.
 
Гол нь бодит нөхцөл байдалд тэдний хэн нь ч энэ удаад "Ардчилсан намын даргын эрх мэдлийг атгасан арванхоёрдугаар сард болох Их хурлаар албан тушаалаа өгч таарна” гэх гутранги дүгнэлтийг тус намын гишүүд хийж байна. Тэд үүнийгээ орон нутгийн сонгуулийн дүнг урьдчилан харсан бодит гаргалгаа хэмээн тайлбарлах нь их. Нэг ёсны "Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам мөн адил ялагдана. Тэр тохиолдолд Их хурлаар намын дарга байна уу, үүрэг гүйцэтгэгч байна уу хамаагүй хариуцлага тооцож, албанаас нь буулгана”. Иймд "Түр зуур буюу гуравхан сарын хугацаатай атгах Ардчилсан намын даргын төлөө зөрчилдөх хэрэг байна уу” гэдэг асуултыг дээрх нэр бүхий улстөрчдөд тавих нэгэн нь байгаа л болов уу.
 
Энд тодруулах дараагийн нэг сэдэв бол Ардчилсан намын залуус. Тэдний төлөөлөл өнгөрсөн хугацаанд намаа шинэчлэх уриан дор нэгдэж, Үндэсний зөвлөлдөх хороонд автоматаар гишүүнчлэлтэй болохыг шаардсан. Харамсалтай нь, бодит нөхцөл байдал дээр тус намд анхдагчдын тэргүүлдэг фракциас ч олон залуучуудын клубууд бий болчихоод байгаа. Албан ёсны гэхэд 10 клуб бий. Дээр нь, ямар ч саналын, эрх мэдлийн эрхгүй Ардчилсан залуучуудын холбоог нэмбэл 11 албан ёсны клуб бий гэсэн үг. Албан бусаар 40 орчим гэх мэдээлэл ч яригдаж байгаа. Иймд залуусын эхлүүлсэн романтик тэмцэл Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр туг барьж, чанга хашгирах хэв маягаасаа илүү дөвийж гарахгүй нь тодорхой юм. Тэр дундаа сарын өмнө эвлэлдэн нийлснээ зарлаж байсан тэдний дунд фракцийнх нь удирдагчдын хор гүйгээд эхэлчихсэн байхад бүр ч үр дүнгүй болов уу. Ямартай ч Ардчилсан нам доторх бодит нөхцөл байдал нь энэ. Илүү дутуу хачиргүй хийх гол дүгнэлт нь, тус намын гишүүд ялагдлыг хазаарлах хүн энэ удаад хэрэгтэй гэж ярилцахаас бус ялалт, үнэмлэхүй ялалтын тухай ярианаас алсарч холдсон нь бас л гунигтай хэрэг шүү. Намын даргаа МҮДН, Ерөнхий нарийн бичгийн даргаа Алтангадас авна гэсэн ерөнхий нэг хайрцаглагдсан яриаг эс тооцвол.


Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler