| |
Видео
Шинэ мэдээ
Түүний зүрхэнд МОНГОЛ багтаж байгаа
Түүний зүрхэнд томоороо бол Монгол нь багтаж байгаа. Мэдээж амьдрал, гэр бүл, үр хүүхэд, аав ээж, багш, найз нөхөд, таних танихгүй олон хүн багтаж байгаа. Бас хамгийн түрүүнд зорьсондоо хүрч, өөрөөрөө бахархан, итгэл хүч мэдэрнэ гэдэг хамгийн гайхалтай зүйл. Ялалт амттай. Гэхдээ хуудуутай ялалт бол цаг мөч өнгөрөх тусам хуршсан мах шиг, хууч өвчин шиг "новш" болно. "Отгондалай угтаа ялсан" гэж харж байгаа харамслын энэ мөчүүд бол шар, цагаан, хүрэн өнгөнөөс хамаарахгүй мөн чанарын ялалт юм шүү.
Тэгэхээр... Амжилт гэж юу вэ? Хаанаас эхэлдэг вэ? Энэ талаар бодлоо хуваалцъя л даа.
Бага насны хүршгүй мэт санагдах мөрөөдөл, түүнийхээ төлөөх эрэлхийлэл, алхмууд. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн урагшилсны шанд ирэх урам зориг, илүү ихээр хөглөгдөх тохиол бүр нэг л мэдэхэд цааших зорилгыг илүү тодорхой болгож байдаг. Зорилго нь тодорхой хүн өөрөөсөө хальж өрөөл бусдыг сэтгэлдээ багтааж, бусдын төлөө хийж бүтээх зориг, сэтгэл, хүч дүүрэн амьдардаг. Ахиад л хэлэхэд өөрөөсөө хальж амьдрахын эхлэл нь өөрийгөө олж, таньж, уйгагүй урагшлах явдал. Мөрөөдлөөс ургасан зорилго, зорилгоос ургасан амжилт, амжилтаас ургасан хөг, урам, хүч.
Ийм зам, ийм алхмуудыг туулж даваагүй бол, зүрх сэтгэлд нь тийм их хүч тэнхээ, орон зай үгүй бол бусдын төлөө гэж цээжээ дэлдэх нь дэндүү худал, үл гүйцэлдэх, үл бүтэх, үл чадах зүйл.
Бусдыг сэтгэлдээ багтаах... Тэртусмаа тамирчин хүн зорилгынхоо төлөө өөрийгөө ялан дийлж, өөртэйгөө тэмцэлддэг учраас бусдаас онцгой зүрх сэтгэлээр Монголоо тээж яваа.
Ялагдал... Тамирчин хүний хувьд дэндүү харамсмаар. Гэхдээ итгэл, хайр хүндлэл, бахархлыг илүү ихээр тээх ялагдал. Энэ бол үнэ цэнэ. Бахархаж байна, Отгондалай
https://www.facebook.com/photo.php?fbid=322696144736782&set=a.228575487482182.1073741829.100009891976621&type=3&theater