| |
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадын иргэд хуурамч төлбөрийн карт үйлдэж, онц их хэмжээний хохирол учрууллаа
Гадаад улсын иргэн Лю Ч, Лю Р, Донг Я нар нь Америкийн нэгдсэн улсын "Champion credit union” банкны харилцагчдын мэдээллийг интернэт ашиглан хууль бусаар олж аван төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй картаар үйлчлэх цэгийн пос терминал төхөөрөмжөөр их хэмжээний луйврын гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Иймд аж ахуйн нэгж байгууллагууд пос терминаль төхөөрөмжөө бусдад шилжүүлэхгүй байх гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Түүнчлэн сүүлийн үед гадаад худалдаа наймаа эрхэлж буй албан байгууллагууд цахим шуудангийн гэмт хэрэгт өртөж онц их хэмжээний мөнгө алдаж хохирох явдал гарсаар байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллэж байна. Байгууллага нь гадаадын аль нэг компанитай төлбөр тооцооны мэдээллээ цахим шуудангаар солилцдог бол гэмт хэрэгт өртөх магадлал өндөр юм.
Харилцагч байгууллагаас, манай компанид аудитын шалгалт орсон, эсвэл ямар нэг шалтгааны улмаас данс өөрчлөгдсөн хэмээх цахим шуудан хүлээн авсан бол харилцагчаасаа тухайн дансны мэдээллийг сайтар лавлахыг анхааруулж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт манай улсын томоохон худалдааны байгууллагууд өртсөн тохиолдол гарсан тул цахим шуудандаа хэрэглэдэг нууц үгээ тогтмол солих, шаардлагагүй холбоосууд дээр дарахгүй байх зэрэг зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас хүргүүллээ.
medee.mn Б.ЦОГ