| |
Бодит хөрсөнд буухдаа “хөлөө хугалчихсан” Монголын эдийн засаг : Өглөө.мн
Монголбанкнаас зарласан ам.долларын ханш өчигдөр л 2090 төгрөгтэй тэнцэж байлаа. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгт валютын өмнө гараа улам өндөрт өргөж, ханш нь оны эхнээс 3.6, өмнөх оныхоо мөн үеэс 4.3 хувиар суларсан үзүүлэлт юм. Гэсэн ч дунд хугацаандаа төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах магадлалтайг Монголбанкнаас мэдээлж байна. Үүний тулд Төв банк долоо хоног тутам хоёр удаа интервенц хийж, ам.долларын ханшийг тогтворжуулахаар хичээж байгаа юм.
Хамгийн сүүлд буюу энэ долоо хоногийн мягмар гаригт 48.5 сая ам.доллар, 80.5 сая юанийн нийлүүлэлт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны гадаад валютын албан нөөц 1.27 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь манай улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах боломж гэсэн үг. Өмнөх Засгийн газар оны эхэнд 700 сая ам.долларын гадаад санхүүжилт авч, төсвийн зарцуулалт болон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан нь зургаадугаар сарын дундуур валютын ханш 1950 төгрөгт хүрч буурах нөхцөлийг бүрдүүлсэн боловч түүнээс хойш нийлүүлэлт багассанаар ханш өсч байна гэж СЭЗДСийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан үзэж байна. Цаашдаа ч ханш буурна, тогтвортой болно гэх төлөв ажиглагдахгүй байгаа гэнэ.
Олон улсын шинжээчид манай эдийн засгийг эхний улиралд 3.1 хувиар өссөнтэй нь харьцуулан оны эцэст 2.8 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байгаа ч уул уурхайгаас бусад салбарт өөдрөг дүр зураг харагдахгүй байна. Тухайлбал, оны эхний хагаст уул уурхайн салбар долоон хувиар тэлсэн ч боловсруулах үйлдвэрлэл 20оод хувиар уначихсан байх жишээтэй. Одоогоор манай гадаад өрийн хэмжээ 23 тэрбум ам.долларт хүрсний дээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь гаднаас хөрөнгө мөнгө босгох боломжийг хязгаарлаж, илүү өндөр хүү төлөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Төсвийн алдагдал 1.3 их наяд төгрөгт хүрснийг шинэ Засгийн газрын Сангийн сайд дуулгалаа. Энэ нь өмнөх Засгийн газрын үед төсвийн зарцуулалт, төлөвлөлт буруу байсныг илтгэж байгаа хэрэг юм. Хамгийн сүүлд сонгуулийн өмнөхөн "ЭрдэнэсТавантолгой” компанийн хувьцааны 30 хувийг худалдаж авах зэргээр төсвийн гадагшлах урсгалыг огцом тэлсэн билээ.
Мөн арилжааны банкнуудын олгож байгаа зээлийн хэмжээ нийт активын 10аад хувь руу дөхөж, 1.36 их наяд төгрөгт хүрснээс гадна чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь санхүүгийн зах зээл ч хямралд өртсөнийг харуулж байна. Харин инфляцын төвшин тогтвортой байж, гадаад худалдааны тэнцэл боломжийн байгаа ч товчхондоо эдийн засаг бодит хөрсөндөө буух биш, эсрэгээрээ уналтын байдалд орсныг шинжээчид хэлж байгаа юм. Энэ байдал айл өрхийн амьдралд ч тусгалаа олж хэрэглээ нь 10 хувиар буурсан дүнтэй гарсан. Үүнийг улс орны эдийн засгийг хамарсан хямралын хамгийн доод цэг гэж үзэх хэсэг ч байна. Нэгэнт элгээрээ хэвтэж, сульдаанд орсон өрхийн амьдрал, улс орны эдийн засгийг өргөс авсан мэт хоромхон зуурт илааршуулаад босгоод ирэхгүй нь тодорхой. Тиймээс эдийн засгаа урт хугацаанд аажмаар сэргээхийг хичээх нь чухал. Үүний тулд олон тулгуурт эдийн засгийг бий болгож, гадаад болон дотоод зах зээлийн судалгаанд тулгуурласан бизнес, үйлдвэрлэлийн маш сайн ТЭЗҮ боловсруулахыг эдийн засагчид санал болгож байгаа юм.
МУИСийн Бизнесийн сургуулийн профессор, эдийн засагч Н.Батнасан тэдний нэг бөгөөд өнөөг хүртэл хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулж чадаагүй нь Монголын хамгийн том гамшиг болохыг онцлоод хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нь Засгийн газрын шийдлээр бус гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлоор явж ирсэнд шүүмжлэлтэй хандсан байна. Иймд урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхой болгож, бизнесийн ашиг бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮийг боловсруулахыг зөвлөж байсан юм. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдад баталгаа гаргах, хууль эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулж хөнгөвчлөх замаар тэднийг татах нь чухал болж байна. Шинэ Засгийн газар өнөө маргаашаа аргацаасан, хойд хормойгоороо урдахаа нөхсөн явуургүй ажил хийх биш, алсын хараатай бодлогоор зоригтой хөдөлж, шийдвэртэй ажиллаж улс орноо өөд нь татна гэж сонгогч олон, нийт иргэд итгэн хүлээж байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын Үнэн” сонин