|
Видео

Шинэ мэдээ

Яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол Улс дампуурах нь

Яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол Улс дампуурах нь

 

Валютын ханшийн огцом өөрчлөлтийн талаар Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс мэдээлэл хийсэн байна.


" ... Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2016 оны энэ 07 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Энэ оны зургаадугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний таван сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөр тэнцэл эхний зургаан сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгдсөнөөс шалтгаалан гадаад валютын эрэлт нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханж долдугаар сард 6.1 хувиар суларсан байна. Богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү хэлбэлзсэн ч дунд хугацаанд ханшийн хандлагыг тайлбарлагч суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцэл 2016 онд алдагдалгүй гарахаар төсөөлөгдөж байна” гэсэн тайлбарыг өглөө.

 

Өнөөдрийн байдлаар Монголбанкны валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг билээ. Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа бөгөөд энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлахаа ч мэдэгдэж байгаа юм.


Гэвч дээр хэлсэнчлэн зах дээр хомсдол үүсч, эрэлт нэмэгдчихээд байхад төв банк арилжаанд идэвх муутай оролцож байгааг валютын нөөцгүй болсонтой холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэр "Төв банкинд гадаад валютын цэвэр нөөц байхгүй болсон. Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэг сарын хоцрогдолтой гаргадаг статистик мэдээллээр 1.2 тэрбум ам.долларын цэвэр нөөц бүртгэгдсэн байна. Гэхдээ Монголбанк Хятадын ардын банктай нийт 1.6 тэрбум ам.долларын юань, төгрөгийн своп хэлцэл хийсэн дүнг тооцвол өнөөдөр манай улсын гадаад валютын цэвэр нөөц хасах 429 сая ам.доллартай тэнцэж байна” гэдгийг мэдэгдсэн байна.

 

Үүн дээр улс төсвийн орлого тасралтгүй буурсаар байгаа үзүүлэлт нөлөөлж байна. Тухайлбал, Монгол Улсын нийт өрхийн орлого сүүлийн зургаан сард тасралтгүй буурч, эдийн засаг дахь эрэлт саарч, үүнийгээ даган аж ахуйн нэгжийн орлого ч буурчээ. Иргэн, аж ахуйн нэгжийн орлого буурч байгааг банкны секторын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ илтгэж байна. Зургаан сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 35 тэрбум төгрөг буюу нийт банкны систем дэх зээлийн ес орчим хувь нь чанаргүй, эрсдэл өндөртэй зээл болсон байна. Үүн дээр хугацаа хэтэрсэн зээл 831 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн 17 хувь эргэн төлөгдөх магадлал бага боллоо.

 

Мөн ажилгүйдэл сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрч 11.6 хувьд хүрээд байна. Статистик мэдээллээс харвал манай улсын төсвийн байдал хүнд байгаа нь харагдаж байна. Хагас жилийн байдлаар төсвийн алдагдал өнгөрсөн жилийн алдагдлын дүнтэй тэнцэж, төсвөөс шаардлагатай зардлыг танахаас өөр аргагүйд хүрээд байна.

 

Эх сурвалжийн хэлж байгаагаар Сангийн яам цалин, тэтгэврийн санхүүжилтээ хугацаандаа хийх боломжгүй байгаа гэнэ. Тухайлбал, хүүхдийн мөнгөнд хуваарилсан санхүүжилт өнгөрсөн зургадугаар сараар дуусгавар болж, долоо сар болон энэ сарын хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэргүй болсон байна. Мөн өнгөрсөн сараас зарим төрийн албан хаагчдын цалин болон илүү цагийн мөнгийг олгоогүй байгаа аж. Шинээр байгуулагдсан Засгийн газарт хүндхэн гэхдээ нэн яаралтай шийдвэрлэх асуудлууд олон байна. Үүний нэг нь Монгол Улсын Эдийн засгийн асуудал.

 

Монголбанкны зүгээс "Эдийн засгийн тэнцвэрийг хангах төсөв, мөнгө, өрийн удирдлагын нэгдсэн бодлого-хөтөлбөрийг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийн үр дүнд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах, валютын зах илүү тогтвортой болох нөхцөл бүрдэнэ” гэж үзэж байгаагаа тайлбарлажээ.


Хэрвээ шаардлагатай гэж үзвэл үүнийг ч нэн яаралтай хэрэгжүүлмээр байна. Үгүй бол Монгол Улс дампуурах нь байна шүү.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler