| |
Видео
Шинэ мэдээ
Тамирчид хурдалж буй соёолонгийн дүрстэй логог сонгожээ
Манай улс анх удаагаа "Рио-2016”-д оролцох 50 тамирчны олимпийн эрх аваад байгаа билээ. Энэ жилийн хувьд олимпид оролцох тамирчны тоо олон бөгөөд өөрсний логотой оролцох юм. Монголын шигшээ багийн тамирчдын хувцсан дээр гялалзах тус лого нь 3000 жилийн өмнөх таван сүлдтэй тугнаас санаа авсан бөгөөд хурдалж байгаа соёолон морины дүрсийг илэрхийлсэн байна.
Цаашид тамирчид өвөл, зун, Азийн болон Залуучуудын олимпд оролцохдоо тус логотой оролцох аж. Мөн олимпийн хөгжлийг дэмжих санд иргэд, ААНБ-аас нийт 260 сая төгрөг цугларсан байна. Үүнээс 120 гаруй сая төгрөгийг ашигласан гэдгээ Олимпийн хөгжлийг дэмжих сангаас мэдээллээ.
Тамирчид энэ удаад алтлаг шар өнгийн хувцсаар гоёж буй. Энэ нь алтан медаль авахыг бэлгэдсэн өнгө гэж дээрх холбооны удирдлагууд тайлбарлалаа.
Түүнчлэн тамирчдын хувцасны ард талд "Mongolia Team” гэх бичигний дээд талд улаан өнгийн өлзий хээг дүрсэлжээ. Энэ талаар доктор Л.Дуурсах хэлэхдээ "Өлзий хээний утга учрын талаар мэдэх хүн ховор байдаг. Өлзий хээг давхиж буй хурдан соёолон морины дээрээс нь харсан дүрсээс бэлгэдэн бүтээсэн юм байна. Олимпийн логог сайн харвал давхиж байгаа 10 соёолон морины дүрс харагдах болно. Энэ нь Монголын баг тамирчдыг 10 алтан медальтай ирээсэй гэсэн бэлгэдэл юм. Мөн бид Монголын тамирчид баримталж явах ёстой 10 зарчмыг гаргасан" гэв.
Тамирчдын хувцас нь нэг бүр 32 мянган төгрөгөөр бүтжээ. Харин малгайны хувьд 10 мянган төгрөгийн үнэтэй юм байна. "Mongolia Team” хувцсыг иргэд захиалан хийлгэх боломжтой бөгөөд түүгээр ижилсэн шигшээ багаа дэмжихийг Олимпийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Ч.Наранбаатар уриаллаа.
Ц.Соёл-Эрдэнэ