| |
Монгол жор буюу МУНХАГ ТУЙЛШИРАЛ
Юу л сайн гэнэ, тэр бүхнийг хүртэх гэж туйлшрах нь эрсдэлтэй
Цайз” захын модны наймаачдад ойр зуурын ундаа, жигнэмэг сэлт зарж, хэдэн төгрөг олдог өвөөд нэг эмэгтэй багц гадил захисан байжээ. Түүнийг нь мэдэлгүй, зарж яваа юм бодсон би хэдэн ширхгийг нь худалдаж авах гэтэл өвөө "Хүн захисан юм, зарахгүй” гэлээ. Гэтэл мод зардаг өнөөх эмэгтэй "Ёстой гоё, шинэ гадил байна. Нөгөө хэддээ өгнө өө” гэх сонсогдов. Тэр үед би, хүүхдүүддээ өгөхөөр авсан юм байна гэж ойлгосон нь эндүүрэл болж таарав. Хүүхдэд бус, тэжээвэр хорхойдоо өгөхөөр ийнхүү багц гадил захин авчруулсан нь тэр байж. Хэрэгт дурлаж, ийм тансаг хэрэглээтэи ямар учиртаи хорхой байдгийг асуутал "Сибирийн хар хорхой байгаа юм” хэмээн хэллээ.
Огт дуулж байгаагүй энэ хорхойгоор сүүлийн үед монголчууд "амьсгалж” байгаа юм байх. Элэгний бүх төрлийн өвчин, хоол боловсруулалт, хортой, хоргүй хавдар, багтраа, псориаз гээд анагаахгүй өвчин үгүй гэнэ.
Туйлшрагчдын нэг болох эмэгтэй үхэр, адууны нуруун дээрээс цөөнгүй хорхой түүж иджээ. Түүнчлэн дархлаа сайжруулж, нойронд сайн болгодог гээд их л олон талын үйлчилгээтэй, үлгэрийн юм шиг ид шидтэй хорхой ажээ. Ийнхүү монголчуудын ээлжит туйлширалын буянаар Сибирийн хар хорхойн эмчилгээ гэх шинэ бизнес цэцэглэж эхэлсэн байна. Сэргэлэн зарим нь бүр шилэн "хорго” хийгээд, гэртээ үржүүлэх болжээ. Талх, боорцогны үйрмэг зэргээр хооллочихдог бол зарим нь жимсний хальс өгч, тансаглуулдаг байна. Энэ нь эмчилгээний үр дүнд илүү сайнаар нөлөөлдөг тухай тэр эмэгтэй яриандаа хавчуулсан.
Уг хар хорхойг амьдаар нь залгидаг аж. Хорхой ходоодонд орж үхэхдээ хүний бие организмыг эрүүлжүүлэх увдистай фегмент, бодисоо ялгаруулна. Тэр нь цусанд хүчтэй нөлөөлж, хүний бие өвчинтэйгөө өөрөө тэмцэх механизмыг бүрдүүлэх бөгөөд курс эмчилгээгээр хэрэглэдэг тухай цахим хуудсуудад бичжээ. Үүнийг нь уншиж, дуулсан иргэд хорхой руу шуурч, хэмжээ хязгааргүй залгиснаас эм бус, хор болсон тохиолдол ч цөөнгүй гарсан байна.
Жишээ нь, эцэг, эх нь 70 ширхэг хорхой залгиулснаас уушги, зүрхнийх нь хэвийн ажиллагаа алдагдаж, бүр шоконд орсон хүүхэд "Сонгдо” эмнэлэгт хүргэгдсэн гашуун түүх бий. Үүнийг мунхаг туйлширал гэхээс өөр юү гэх билээ.
Туйлширал хар хорхойгоор зогсохгүй. Чонын тархи, гөрөөсний цус, туулайн зүрхнээс эхлээд эрүүл мэндэд ашиггүй эд, эрхтэн амьтдад үгүй. Нэг хэсэг царцаа гэж нэлээд хошуурсан. Царцааны гэдэс дотрыг бөгснөөс нь амьдаар нь сорж уувал ямар ч төрлийн харшил нам дарагддаг гэсэн явган яриа байдаг. Үүнд итгэн, жорын дагуу туршсан зарим хүн хордож, эмч нарыг сандаргасан тохиолдол ч бий. Тэр ч бүү хэл адуу, үхрийн гуур хорхой хүртэл залгих моод дэлгэрсэн удаатай. Туйлшрагчдын нэг болох эмэгтэй үхэр, адууны нуруун дээрээс цөөнгүй хорхой түүж иджээ. Гэтэл хэсэг хугацааны дараа эмэгтэйн хоолойн дотор хорхойнууд нь үүрлэж, хагалгаанд хэд хэдэн удаа орж, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тохиолдлыг дурдаж болно.
Иймэрхүү эмчилгээ шинжлэх ухаанаар батлагдсанаасаа батлагдаагүй нь их. Тухайлбал, Чонын тархи, гөрөөсний цус, туулайн зүрхнээс эхлээд эрүүл мэндэд ашиггүй эд, эрхтэн үгүй царцааны биед агуулагддаг биологийн идэвхт 100 гаруй төрлийн бодисоос ердөө 10 гаруй хувь нь харшлыг анагаахад ашигтай байдаг аж. Тиймээс тухайн бодисуудыг ялган авч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, технологи ашиглан гаргаж авсан эм, бэлдмэл хэрэглэх нь мэдээж тустай.
Харин гэмгүй нисэж явсан царцааг барьж аваад, бөгснөөс нь сороход таны бие яаж ч хордож, эсвэл бүр эргэж сэргэхгүйгээр өвдөж ч магад. Ер нь малын цусыг түүхийгээр нь ууж, амьтныг амьдаар нь залгина гэдэг тэр амьтан, эд эрхтэн, цусанд нь үржсэн олон төрлийн нянг тэр чигт нь биедээ оруулж байна гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн байгууллагууд ч үүнийг сэрэмжлүүлдэг.
Эцэг, өвгөдийн эртнээс уламжилж ирсэн Монгол маягийн жор олон байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр жорыг хэрэв анзаарвал цаг хугацаа болоод хэрэглэх үеийн огтлолцлыг нарийн тооцсон байдаг. Тухайлбал, яргуй идсэн ямааны мах ядаргаанд сайн гэж үздэг. Мөн дөнгөж цухуйсан яргуй идэх нь хоолойн өвчнийг анагаахад тустай нь он цагийн уртад нотлогдсон уламжлал.
Харин тунг нь хэтрүүлбэл ямар ч сайн эм, жор байгаад хор болдгийг мартаж болохгүй. Тиймээс аливаа зүйлийг сайн гээд туйлшрах нь ямар ч хор хөнөөлтэй үр дагавар учруулж болохыг 70 ширхэг Сибирийн хар хорхойг амьдаар нь хүүхдэдээ залгиулсан үйлдэл баталж байна.
Бүдүүлгээр хэлбэл, хэн нэгний ялгадсыг ч долооход бэлэн тийм л дорой ухамсар иргэдийн тархинд шингэснийг "Чонын тархи авна”, "Тарваганыцөс зарна” зэрэг мэдээлэл зарын сонинд тогтмол хэвлэгддэгээс харж болно.
Энэ бол өнөө цагийн эмгэнэл. Юу л сайн гэнэ, тэр бүхнийг хүртэх гэж туйлшрах нийгмийн эл хандлагын ард эрүүл мэндээ бүрмөсөн алдах томоохон эрсдэл байгааг анзаарах цаг болжээ. Сибирийн хар хорхой бол хамгийн сүүлийн жишээ. Идэж, ууж, залгихын хэнээ туссан мэт сайн гэсэн болгоныг идээд, залгиад байвал ухамсарт хүн
гэж оршихын утга юу байх вэ.
Араатнаас ялгарахын тулд амандаа хийж байгаа бүхэндээ ухаантай хандах хэрэгтэйг алхам бүрт тохиолдох гашуун туршлагууд харуулж байна бус уу.
Р.Оюунцэцэг /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/