| |
ӨМӨЗО-ы сүмоч Энхтүвшин өөрийн мавашиг өмсөөгүй
Өнгөрөгч долоо хоногт олон нийтийн цахим хуудсаар Монголын төрийн далбаа бүхий маваши өмссөн ӨМӨЗО-ы сүмоч Энхтүвшин буюу Соококурайн зураг тарж "Монгол угсаагаа зүрх сэтгэлдээ тээж явдаг, эх нутаг, элгэн садангаа санасан” гэх зэргээр шуугив. Үнэхээр сүмоч Энхтүвшин өөрийн маваши дээр Монголын далбааг хадсан эсэх талаар "Олны үг ортой эсэхийг шалгалаа”.
-ЭНХТҮВШИН ӨӨРИЙН МАВАШИГ ӨМСӨӨГҮЙ-
Дээрх барилдааны зураг нь Японы нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сүмогийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацу башёгийн үеэр Ёкозүна Какарюү М.Ананд дэвжээнд гарах ёслол хийх үеийнх юм.
Сүмо бөхийн олон уламжлалт ёслолуудын нэг болох дэвжээнд гарах ёслол /dohyo-iri/нь их барилдаан эхлэх өдөр маку-учи гэх дээд зиндааныхны барилдаан эхлэхийн өмнөх ёслол билээ. Энэ үеэр сүмочид кешо-маваши буюу ёслолын гоёмсог маваши өмсөн нар зөв, цолны эрэмбээр эгнэн зогсож тусгай ёслол хийдэг.
Энэхүү гоёмсог мавашиг торгоор хийж, янз бүрийн хээ угалз, алтан саагаар хөвөөлсөн байх бөгөөд хамгийн багадаа 400-500 мянган иений үнэтэй гэдэг. Дэвжээнд гарах ёслолын хамгийн гол үүргийг ёкозуна гүйцэтгэх бөгөөд хоёр дагалдахын хамтаар хийнэ. Тэрбээр бурхадын анхаарлыг татахын тулд алгаа таших, гараа сунган зэвсэггүй гэдгээ харуулан тойрох, чөтгөр шулмыг хөөж буй гэдгээ хөлөөрөө дэвжээг хүчтэй дэвсэх зэргээр илэрхийлэх зан үйл үйлддэг.
Зан үйлд оролцож буй хоёр хамтрагч Цюүхарии буюу шүүдэр арилгагч, Аминишики качимочи буюу сэлэм баригч хийх бөгөөд ёкозунагийн дэвжээнд гарах ёслолын үеэр өөрсдийн гоёмсог мавашиг /кешо маваши/-г өмсөлгүй, ёкозунагийн өмчид хамаарах мавашиг өмсөх ёстой. Иймд ёкозуна, шүүдэр арилгагч, сэлэм баригч гурвын маваши адилхан байдаг. Үүнийг бид Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Давжааргал нарын дэвжээнд гарах ёслолоос харж болно.
Өөрөөр хэлбэл, Ёкозуна М.Анандын дэвжээнд гарах ёслолын үеэр Энхтүвшингийн өмссөн маваши бол түүнийх биш, уламжлал ёсны дагуу ёкозунагийн сонгосон, өөрийнх нь маваши болж байна. Ингэхээр Монгол улсын далбаа бүхий маваши нь Энхтүвшингийнх биш, харин М.Анандын өмсгөл юм.
Б.ГЭРЭЛ
эх сурвалж http://www.medee.mn/main.php?eid=79015