| |
“Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр алсдаа эдийн засагт эерэгээр нөлөөлнө
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлсэн "Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах, хөдөлмөрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор өчигдөр Чингисийн талбайд "Хөдөлмөрийн өдөрлөг” зохион байгууллаа.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан "Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг баталсан. Өнөөдөр энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг ард түмэндээ тайлагнаж байна. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан энэ яармагаар ажил олгогч, ажил хайгчдыг зуучлан уулзуулж байгаа юм. Мөн үеэр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг ард иргэддээ сурталчлан танилцууллаа. Тухайлбал, 35-аас дээш насны иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа өгөх, сургалтад хамруулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах гэх мэт ач холбогдол өндөртэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг” хэмээн ярилаа.
Энэ өдөр худалдаа, үйлчилгээ, шатахуун түгээх станц, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэр зэрэг салбарт 500 гаруй ажлын байр нээлттэй зарлагдсан байв. "Хөдөлмөрийн өдөрлөг”-т ирсэн иргэд эдгээр санал болгосон ажлын байрыг сонирхож анкет бөглөн өгч байлаа. Гэхдээ "Цалингаа цагтаа тавьж байна уу. Нэг газар ажилд орно. Цалингаа тавихгүй. 2-3 сар хүлээж ядаад дараагийн ажлаа хайж байна” гэх үг ч дуулдав. Мөн жуулчны баазад үйлчлэгч, зөөгч, хамгаалагч, барилгын салбарт туслах ажилтан, засал чимэглэлчин гээд улирлын чанартай ажлын байр ч эрэлттэй байгаа нь анзаарагдаж байлаа.
Уг нь "Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох бодлогыг зөвхөн хөдөлмөрийн салбарын эрхлэх асуудлын хүрээгээр хязгаарлалгүй салбар дундын зохицуулалттайгаар үндэсний болон орон нутгийн төвшинд хэрэгжүүлжээ. Харин энэ мэтээр төөрч будилж явсан иргэд ийм өдөрлөг зохион байгуулж буйг ихэд олзуурхан хүлээн авч байлаа.
ШУТИС-ийн III курсийн оюутан Г.Хулан "Ихэнх компани анкет бөглүүлчихээд ажилд авдаггүй. Ажлын байр нь баталгаатай биш байдаг. "Ажилд авна” гэсэн зарын дийлэнх нь мөн "Орифлэйм Монгол” компанийн сүлжээний бизнесийг санал болгодог юм билээ. Харин би "Гранд плаза”-д байдаг "Алтан фокус” компанид анкет бөглөөд их хурдан цагийн ажилд орсон. Оюутнууд ихэвчлэн цагийн ажил хайдаг. Одоо шалгалт шүүлгийн цаг учраас бүтэн өдрөөр ажиллах боломжгүй л дээ. Харин ирэх сараас л зав чөлөөтэй болно" хэмээн өөрийн туршлагаа залуустайгаа хуваалцав.
Г.Хулан шиг идэвхтэй ажил хайдаг 48 мянган хүн бий. Тэдний 60 хувь нь ид хийж бүтээх насны залуучууд гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн хэлж байна. Энэ залуучуудын 30 хувь нь бүрэн дунд боловсролтой, 20 хувь нь бакалаврын болон техникийн мэргэшилтэй "ажилгүйчүүд” юм байна.
Мөн үеэр иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвөлгөө мэдээллийг бүлгээр буюу ганцаарчлан үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, газар дээр нь ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулсан юм. АCEM-ын дээд хэмжээний уулзалтад зориулан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын зүйлс, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ч дэлгэв. "Морьт хас” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ "Би арьс ширээр гар урлалын бүтээгдэхүүн хийгээд 10 жил болж байна. "Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрт хамрагдсанаар эргэлтийн хөрөнгө нэмэгдсэн. Мөн бидний бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд оролцуулах зэргээр маш сайн дэмжиж өгдөг” гэлээ.
Үүнээс гадна ахмад настан, хорих ангиас суллагдсан зэрэг ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлсэн зорилтот хөтөлбөр, төслүүдэд давхардсан тоогоор 264.6 мянган хүнийг хамруулан 24 мянган ажлын байрыг шинээр бий болгож, тэдгээрийн тогтвортой хадгалагдах нөхцлийг бүрдүүлжээ. Мөн барилгын материалын 129 үйлдвэр шинээр ашиглалтад оруулж, түүний дотор жилдээ нэг сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрүүд ашиглалтад орсон байна. Ингэснээр барилга, замын ажилд шаардлагатай цементийн хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж, гадагш урсах валютын урсгалыг бууруулах нөхцөл бүрдүүлсэн гээд тооцоход "Ажилтай, орлоготой Монгол хүн” нь зөвхөн ажилгүйдлийг бууруулах зорилтот хөтөлбөр төдийхөн биш алсдаа эдийн засгийн эргэлтэд чухал нөлөөтэй гэдэг нь эргэлзээгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Г.ГАНЧИМЭГ