Амбагай хаан хамаг монголыг хиад боржигоны атганд буцааж өгсөн түүхэн гавьяатай
Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Жамъян Хамаг Монголын хаан Амбагай сэцний түүхийг өгүүлсэн "Тэнгэрийн чулуу” романыг өнгөрсөн хавар уншигчдын гар дээр тавьсан билээ. Тэрээр өмнө нь "Чингис хааны мэнгэ, "Хубилай сэцэн хаан”, "Чорос”, "Өршөөл”, "Хулан хатан” зэрэг түүх, гүн ухаан, сэтгэлзүйн сэдэв бүхий сэтгэлгээ, зөн билгийн роман бүтээсэн юм. Мөн "Хөх өвсний эгшиглэн” найман боть зохиол бичсэн тэрээр "Хөх өвгөд”, "Равжаа хутагт”, "Улиас минь” зэрэг туульсын роман бичихээр ажиллаж байна. Д.Жамъян зохиолчтой "Нөхөр, дайсан хоёроо ялгаж явах”-ыг монголчуудад сануулсан Амбагай сэцэн хааны тухай ярилцлаа.
-Их Монгол улсын үндэс суурийг Хамаг Монголын хаан Амбагай сэцэн тавьсан гэдэг ч энэ тухай хүмүүс бага ярьдаг?
-Тийм ээ, Хамаг Монголыг анх байгуулсан хаан нь Хабул. Хабул хаан Амбагайг Хамаг Монголын хаанаар өргөмжилж, Амбагай Хотула хааныг өргөмжилсөн юм. Хотулын дараа Есүхэй баатар Хамаг Монголыг зонхилж байсан. Есүхэй баатар хаан цолгүй. Зонхилогч байсан. Гэхдээ Хамаг Монголыг удирдаж байсан шүү дээ. Дараа нь 1189 онд Тэмүүжин Хамаг Монголын хаан болж Чингис цолтой болсон. Тиймээс Хамаг Монгол Их Монголын өмнө нь байсан улс. Би яагаад Амбагай хааны түүхийг сөхөж тавих болов оо гэвэл Хабул хаан бол Хиад боржигон овгийн хүн. Амбагай хаан Тайчууд хүн. Амбагай Хабул хааны авга ах Сэнгүн билгийн хөвүүн. Хабул хаан өөрөө долоон хүүтэй атал Амбагайг хаан болгосон байгаа юм. Гэтэл Амбагай хааныг Татарууд барьж аваад Алтан улсад аваачиж модон илжигэнд хадаж амийг нь хороосон. Тэр үед Амбагай хаан Балхачи гэдэг Бэсүд овгийн хүнд "Очиж, манай Хамаг Монголчуудад дуулга. Төр барьж, зонхилж байгаа хүмүүст хэл. Хотулыг хаан болгоорой. Миний хөвүүн Хадаан тайшийг цэргийн хэрэг эрхлүүл” гэж захьжээ.
-Яагаад, хаан ширээнд үе уламжлан суумаар юм?
-Үүнд нэг л учир бий. Хиад боржигон овог төр барьж байснаа Тайчууд хаан болсон шүү дээ. Тайчууд хаан болсны дараа Амбагай хааны захиасаар Хабул хааны хүү Хотула хаан болсноор Хиад боржигоны удам угсаа төртэйгөө холбогдож байгаа юм. Хоёрдугаарт, Хамаг Монгол улс Хүннү гүрний байгуулсан төрт ёсны уламжлалаар буюу хамаг асуудлыг олонхийн саналаар Их хуралдайгаар шийддэг байжээ. Хүннүгээс уламжилсан төрт ёсны загварыг Хамаг Монгол улс хэрэгжүүлж явсан байгаа юм. Тиймээс энэ улс их хүчирхэг байсан. Хамаг Монгол улсад Хэрэйд, Найман гэх мэт соёлжсон аймгууд, гурван голын монголчууд Хиад боржигон, Тайчууд нэгджээ. Дараа нь Чингис хаан Их Монгол улсыг байгуулсан. Хамаг Монгол нь Их Монгол улсыг байгуулах суурь, үндэс болж өгчээ. Хамаг Монгол байгуулагдаагүй байсан бол Их Монгол улс байгуулагдахгүй. Хамаг Монгол улс байгаагүй бол Тэмүүжин Чингис хаан болохгүй байсан. Тиймээс Амбагай хааны байгуулсан түүхэн гавьяа нь Хамаг Монгол улсыг Хиад боржигоны атганд буцааж өгөөд хиадууд их улсаа байгуулсан явдал юм.
-Түүхэн зохиол нэлээд судалгаа шинжилгээ шаарддаг чимхлүүр ажил. Та анх хэзээнээс эхэлж Амбагай хааны намтрын товчоон хийгээд хэдэн зуунуудын тэртээх түүхийг сонирхох болов?
-Би түүхийн дэвсгэр дээр л зөн билгийн аргаар романуудаа урладаг. Өөрөөр хэлбэл, түүхийн сэдвийг уран сайхны аргаар бичих эрэлхийллийг хийгээд байгаа юм. Миний бичсэн зохиолууд сюрреализмд багтана. Түүх бичээгүй, зохиол бичиж байгаа ч түүхэн судалгааг хангалттай хийхгүй бол болохгүй. Би Монголын нууц товчоог 12 жил судалсан. Нууц товчооны 400 гаруй хүний дүр, олон үйл явдал, нууц түлхүүр, оньс бүгдийг жаахан жаахнаар нээж, харсан. Эргэн тойронд Монголын түүхтэй холбоотой бичиг баримт байна шүү дээ. Зохиол бичихэд хамгийн гол зүйл нь түүхэн баримтаа сайн мэдэж, судалгаа хийсэн байх ёстой. Ингэхгүйгээр зохиогоод биччихэж болохгүй. Миний цуглуулсан матераил 2000 оноос хойш юм.
-Энэ хугацаанд та хаад хатдын тухай хэд хэдэн роман бичсэн. Материалаа бүрэн цуглуулаад суухад "Тэнгэрийн чулуу”-г ямар хугацаанд бүтээв?
-"Чингис хааны мэнгэ”, "Хубилай сэцэн хаан”, Өгөөдэй хааны тухай "Өршөөл”, Галдан бошигт хааны тухай "Чорос”, "Хулан хатан” романыг бичсэн. Амбагай сэцэн хааны тухай "Тэнгэрийн чулуу” роман нь хаад хатдын тухай зургаа дахь ном. Өнгөрсөн хавар хэвлүүлсэн энэхүү романыхаа материалыг цуглуулаад зохиолынхоо гол санаа, зохиомжийг олчихсон гэж үзээд суухад зургаан сар бичсэн. Үзэг барьдаг гурван хуруу маань жаахан мэдээ алдаж байгаа юм.
-Та зохиолоо үзгээр бичдэг юм уу?
-Би одоо ч үзгээр бичдэг. Компьютерийн ард суудаггүй. Үзэг нь арай амьд. Нэг ёсондоо цусаараа бичдэг юм шүү дээ. Хурууны арьсны цаана цус, судас байгаа биз дээ.
-Чингис хааны тухай Нууц товчоо болон гадаад, дотоодын түүхэн эх сурвалжид харьцангуй их тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин Амбагай хааны тухай болон Их Монгол улсын өмнөх үеийн тухай материал хэр байдаг юм бол?
-Амбагай хааны тухай нэлээд хэдэн догол мөр Монголын нууц товчоонд байдаг. Томдоо 2-3 өгүүлбэр. Тухайлбал, "Амбагай хааныг Татаар иргэд барьж аваад Алтан улсад аваачиж тушаав” гэж бий. Амбагай хаан тэр үед өөрийнхөө гүнжийг Бургууд Татаарын нэг язгууртанд аваачиж өгөхөөр явах замдаа баригдсан байгаа юм. Тиймээс "Охин үрээ надаас хойш өөрөө бүү хүргэж өг” гэж захьсан. Түүнээс гадна "Миний өшөөг таван хуруугаа тамтартал, арван хуруугаа барагдтал ав” гэж монголчуудад хэлсэн. Энэ үг бол монголчуудад хашгирч хэлсэн үг. Энэ нүргээн бол одоог хүртэл тасраагүй. Яагаад гэвэл, дайсан байгаа шүү. Нөхөр бий, дайсан бий. Үүнийгээ ялга гэсэн үг л дээ. Хамаг Монгол улсын эзэн хаан хүнийг барьж аваачаад модон илжигэнд хадаж амийг нь хорооно гэдэг чинь ёс бус зүйл шүү дээ. Тиймээс үүнийг зайлшгүй сөхөж тавих ёстой. Алтан улсад өмнө нь ч хоёр хүнийг модон илжигэнд хадаж амийг нь хөнөөсөн. Хэрэйдийн Тоорил хааны өвөг эцэг Маргус хаан, нөгөө нь Хабул хааны том хүү Хотулын ах Охинбархаг ноёныг барьж аваачиж, Алтан улсад модон илжигэнд хадсан. Дараа нь улсын хаан Амбагайд халдаж, амийг нь хороосон.
-Алтан улс гэдэг нь одоогоор ямар улс юм бол?
-Зүрчидийн Алтан улс гээд байгаа юм. Нэр, газар нутгийн хувьд одоогоор Хятад зүгийн улс л даа. Гэтэл одоо яг Хятад улс тэгсэн гэж хэлж бас болохгүй. Түүхийн есөн зуун жилийн өмнөх үйл явдлыг одоо цагтай барьцалдуулж болохгүй шүү дээ. Тиймээс Хятад, Манжийн аль нэг нь.
-Есөн зууны тэртээх Амбагай хааны захиас үг хийгээд байгуулсан гавьяаг нь монголчууд мартчихаж дээ?
-Амбагай хааны тухай их уншаасай гэж би хүсч байгаа юм. Хүмүүс түүхэн сэдэвтэй зохиолыг их уншдаг болжээ. Гэхдээ манайхан Их Монгол улс гээд туйлшраад байгаа юм. Их Монгол чинь тэнгэрээс буугаад ирээгүй шүү дээ. Хамаг Монгол улс байгуулагдаж байж, миний дээр дурдсан Хамаг Монголын таван хаан Их Монгол улсын суурь дэвсгэрийг тавьж өгсөн. Түүхэн гавьяа байгуулсан Хамаг Монголын хаан Амбагай сэцнийг монголчууд их сайн мэдэж байх хэрэгтэй. Харамсалтай нь хүмүүс мэдэхгүй байна.
-Таны "Тэнгэрийн чулуу” романыг кино зохиол болгох гэж байгаа гэж сонссон.
-Кино хийе гэвэл болно. Киноны зохиолыг найруулагч бичдэг. Тэр хүний оюун санаа, нүдэнд яаж харагдаж байгааг би хөндлөнгөөс бичихгүй шүү дээ. Тиймээс Амбагай хааны тухай, түүхэн үйл явдлын баримт нь энэ "Тэнгэрийн чулуу”-д байна. Эндээс чинь алт угааж байгаа юм шиг тунгааж шигшээд найруулагч кино зохиол бичихэд болохгүй зүйлгүй. Зохиолч, зураглаач, зураач оролцоод бүгдээрээ багаараа сууж байгаад кино зохиол болгох боломжтой. Үүнд асуудал байхгүй. Ер нь Амбагай хааны овог Тайчууд угсааны хүмүүс бий. Архангай аймагт нэг отог, хэсэг бүлэг хүмүүс байна. Зөвхөн Архангай ч биш ийм хүмүүс энд тэндгүй байгаа. Тэд өөрсдөө хот хүрээ байгуулъя, Амбагай хааны ордон өргөөтэй болоё гээд газар усаа сонгоод явж байгаа юм билээ. Тэр байтугай Амбагай хааны хөргийг зорьж зуруулсан. Бөө нартай холбогдож байж, тэнгэрээр судлуулж зурсан хөрөг бий. Зураач Ж.Цог энэхүү хөргийг бүтээсэн юм.
-Амбагай сэцэн хааны орд өргөөг хаана байгуулах юм бол. Хамаг Монголын шүтээн Бурхан Халдун гэдэг дээ?
-Тийм ээ. Амбагай сэцэн хааны орд өргөөг Хэнтий чигт л байгуулна байх. Харин би одоо Монголын нууц товчооны оюуны ордон өргөө байгуулахаар ажиллаж байна. Зөвхөн Монголын нууц товчоонд зориулсан томоохон цогцолбор байгуулъя гэсэн бодлоор оюуны өмчийн гэрчилгээ авчихсан. Энэ өргөөнд Их Монгол улсын түүх тэр чигээрээ багтана. Монголын нууц товчоо түүх, утга зохиол, монголчуудын зан заншлын дурсгал учраас энэхүү орд өргөөг байгуулснаар үндэсний бахархалыг сэргээж, монгол хүн бүрт үндэсний үзэл бий болгоно. Дэлхийд ариун библид зориулж хөшөө дурсгал босгодог бол монголчууд Нууц товчоондоо зориулж цогцолбор байгуулах цаг нь болсон. Монголын нууц товчоог анх баринтагласан газар нь Хархорин. Өгөөдэй хааны үед Нууц товчоог баринтаглаж, хааны ордонд залсан. Тиймээс Монголын нууц товчоо цогцолбор Хархоринд байх учиртай.
-Гадаадын зарим эрдэмтэн судлаач Монголын нууц товчоонд "Яг юуг нууцалсан юм бэ” гэж асуудаг юм билээ?
-Монголын нууц товчоо кодолчихсон зохиол. Өөрөө оньстой, түлхүүртэй. Тухайлбал, "Тайчуудаас Бэсүд овогтон үүсэв” гэдэг ганцхан өгүүлбэр байдаг. Бэсүд гэж хэн бэ, яаж үүсч, сүүлдээ Тайчуудтайгаа яасан юм бэ гэдэг нь нууц байгаа биз дээ. Энэ дөрөвхөн үгийг дэлгэрэнгүй судлаад үзэхээр бараг роман болохоор үйл явдал өрнөсөн байдаг. Энэ чинь л нууц байхгүй юу. Гэтэл бид одоо тэрхүү нууц болгоныг тайлаагүй байгаа шүү дээ.