| |
Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сургуулилтад БНСУ оролцоно
БНСУ Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон пуужингийн довтолгооноос аюулгүй байдлаа батлан хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе Индонезийн ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Солонгосын хойгийн тогтвортой байдал, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг онцлон хэлэлцжээ. Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд хоёр орон цөмийн хөтөлбөрөө зогсоож, НҮБ-ын холбогдох тогтоолуудыг дагаж мөрдөхийг Умард Солонгост уриаллаа.
Индонезийн засгийн газар Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг ийнхүү ил тод шүүмжилж байгаад Өмнөд Солонгос сайшаалтай хандаж байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах АНУ, Японы хамтарсан сургуулилтад анх удаа оролцохоор болсон гэдгээ энэ даваа гарагт зарласан. Ирэх 6 дугаар сарын 28-наас Хавайн арлын ойролцоо эхлэх энэхүү цэргийн хамтарсан сургуулилт баллистик пуужинг илрүүлэх, байршлыг нь тогтоох ажиллагааг хамрах юм.
Харин пуужинг замаас нь амдан устгах ажиллагааг энэ удаагийн сургуулилтад оролцуулахгүй юм байна. 2 жил тутамд 6-8 дугаар сарын хооронд Хавайн ойролцоох бүс нутагт олон улсын тэнгисийн цэргийн сургуулилт зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ хүрээнд Япон, Өмнөд Солонгос, Америкийн баллистик пуужингийн сургуулилт зохион байгуулагдаж байгаа гэдгийг Өмнөд Солонгосын албаны хүн мэдээлсэн байна.
Баллистик пуужин 3000 хүртэлх километр зайд тусах хүчин чадавхитай байдаг. Сүүлийн саруудад Умард Солонгос пуужингийн туршилтуудаа улам эрчимжүүлэх хандлагатай байгаа нь бүс нутгийн орнуудад зовнил үүсгэж, энэ асуудлаар хамтран ажиллах гол шалтгаан болж байна. Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужин амдан устгах системийг байршуулах талаар Сөүл, Вашингтоны хооронд яриа хэлэлцээ ч өрнөж эхлээд байгаа юм.