| |
УИХ-ын гишүүд хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулийн төслөөр бэлэг барилаа
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг зүгээр нэг тэмдэглэх гэхээсээ илүүтэй нийгмийг эрүүлжүүлэх зорилготой дөрөв дэх засаглал болох хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад гол утга нь оршдог гэж болно.
Энэ өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа сэтгүүлчдэд мэндчилгээ илгээжээ. Тэрээр мэндчилгээндээ "Олон оронд хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажиллах орчин улам бүр хумигдаж байгаад миний сэтгэл түгшиж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдлыг хязгаарлан боомилох нь хөгжил дэвшлийг чөдөрлөн тушина. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр миний бие бүх улс орны Засгийн газар, улстөрчид, бизнесмен, иргэдэд хандан хараат бус эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг төлөвшүүлж, хамгаалъя" хэмээн уриалсан юм.
НҮБ-аас ийм мэндчилгээ ирж байхад манай УИХ-ын гишүүд хэвлэлийнхэнд халтай хуулийн төсөл санаачилж, түүнийгээ хэлэлцэхийг дэмжээд байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн сарын 13-нд Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн. Харин анхны хэлэлцүүлгийг нь түр хойшлуулаад буй. Хуулийн 130.1-д "Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэсэн заалтыг нэмж тусгахаар болж байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд хорих ялыг 5-10 жил болгон нэмэх саналыг гишүүдийн зүгээс гаргажээ.
Ийн улстөрчид өөрсдийгөө хамгаалсан, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулийн төслөөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчдэд бэлэг барьж байна.
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин