|
Видео

Шинэ мэдээ

Бие даагч 79 ба бодлогын boom

Бие даагч 79 ба бодлогын boomЭдийн засаг сайнгүй, эрх баригчид мөнгөгүй, лидерүүдийн чансаа бие даагчдынхаа дор орсон цоо шинэ орчинд энэ удаагийн УИХ-ын сонгууль болох гэж байна.

Төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөөх энэхүү "ариун дайн”-д орох гэж буй том, жижиг намууд чухам ямар хөгжлийн бодлого дэвшүүлж, яаж мухардлыг сэтлэн гарахаа ч төдийлөн сайн төсөөлөхгүйгээр тулааны талбарт гарлаа. Аль ч цаг үед улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр сонгогчдын хүсэл, хэрэгцээнд хөтлөгддөг жишгээр энэ удаад эрх биш "мөрөөдөл” шингээгээ л байлгүй.  Даанч амьдрал мөрөөдөл хоёр алд дэлмийн зайтай. Уг нь бодит байдал, мөрөөдөл хоёрын хоорондын зайг ҮЙЛДЭЛ гэж нэрлэдэг юм гэсэн.

Эдийн засгийн эрх чөлөөнөөс эдийн засгийн хямрал руу

Өнөөгийн эрх баригч Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар Эдийн засгийн хувьсгал амлаж,  иргэдээ "эдийн засгийн эрх чөлөөнд” хүргэхийг зорилгоо болгож байсан юм. Гэвч эдийн засгийн эрх чөлөөнд биш эдийн засгийн хямралд орцгоов.

Сонгуулийн кампанит ажлын үеэр намууд бодлогоо ухуулж таниулахаас гадна эрх баригчид нь хийсэн, хэрэгжүүлснээ хөөргөн ярьж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг сөн. Энэ удаад эрх барьсан АН хийсэн, бүтээсэн зүйл багагүй ч иргэдийн зүгээс итгэл алдарсан байдалтай угтах төлөвтэй. Иргэдийн сэтгэл зүйд таацуулан энэ удаад ардчилагчид маань ихэд гэмшингүй царайлж "өмнөхөө үргэлжлүүлнэ” гэсэн үүрэг амлалт авч, "Монгол хүн-2020” хөтөлбөрөө дахин дэвшүүлжээ. Шинэчлэгчид намба сууж, нас явсан улс төрийн хүчин болсноо харуулж, сонгууль бүрээр хувьсгал зарладгаа болив. Хувьсгал хийх, шинэчлэл явуулах хөрс суурь үнэндээ бий билүү?

Уул уурхай руу гадаадын хөрөнгө оруулалт цутгаж, экспортын орлого эрс өндөр байх үед улс төрийн намууд бэлэн мөнгөний амлалтаар бялхуулдаг байлаа. Бэлэн мөнгөний амлалтынхаа пянг даахгүйдээ хүрсэн эдийн засаг элгээрээ мөлхдөгийг арьсан дээрээ мэдэрсэн тул ахиад тийм амлалт өгч болохгүй гэдгийг хуулиар тогтоосон. Одоо бол мөнгө амлая гээд ч тэр нь байхгүй. Үрж дууссан мөнгөний араас өөр хоорондоо зодолдох дээрээ тулж буй. Гэвч юу ч юм амлахгүй л бол ердөө бүтэхгүйг бас мэднэ. Сонгуулийн хөтөлбөртөө суулгаж өгөөгүй ч АН энэ удаад ипотекийн 5 хувийн зээлийг хэрэгжүүлэхээр дам амлачихаад байж байгааг мартаж болохгүй. "Бид УИХ-д 50 хувиас илүүтэй суудал авч чадахгүй бол таван хувийн зээл бүтэхгүй шүү” гэсэн бүтэлгүй мессэж ч явуулаад амжсан тал бий.

Харин төр барьсан түүх зузаантай МАН энэ удаагийн сонгуульд "Бид хамтдаа” хөтөлбөр дэвшүүлэхээр аудитад хүргүүлжээ. Битүү морь гэдэг шиг хэр хол давхих нь одоогоор тодорхойгүй бодлого боловч МАН сонгуулийн оноо цуглуулах зорилгоор халамжийн амлалтаа хэдийнэ зарлаад байгаа. Тэр нь өрх толгойлсон эцэг, эхчүүдэд сар бүр тэтгэлэг олгох тухай бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар санаачилж, нэлээдгүй хэлэлцүүлэг өрнүүлж буй. "Хэрэв бид бодлогоо хэрэгжүүлэх эрх мэдэлд хүрвэл…” гэсэн санаа бас бий.

Тэрчлэн парламентад бүлэг байгуулах хэмжээний суудал авч байгаагүй, ер суудал авч байгаагүй, тэрчлэн анх удаа сонгуульд өрсөлдөх гэж намуудын хөтөлбөрийг харахад "Хөгжлийн их хөтөлбөр, "Амьдрал”, "Эрх тэгшийн хувьсгал” гэх зэрэг хөтөлбөрүүдийг Үндэсний аудитын газар хүргүүлжээ.

Бие даагч 79-ын бодлого

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр Үндэсний аудитын газарт 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Урьд өмнөх сонгуулиудтай харьцуулбал бие даагчид олноор бүртгүүлсэн байх аж. Иргэн бүрт сонгогдох эрх нээлттэй. Харин тэдний бодлогыг нэгбүрчлэн хянах амаргүй ажил байх даа.

УИХ-д 2008 оны сонгуулийн үр дүнгээр бие даан дэвшигч З.Алтай УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол 2012 сонгуулиар бие даагч Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар гишүүнээр сонгогдсон юм. Тэгвэл энэ удаад магадлалын онолоор бол урьд өмнөхөөс илүү олон бие даагч сонгогдож мэдэхээр байна.

Ер нь бие даагчид эрчээ авах байдал дэлхийн цөөнгүй оронд ажиглагдаад байгаа. Тухайлбал, Энэтхэгт 2014 онд болсон сонгуулиар эрх баригч нам нэр хүндээ алдсанаас үүдээд бие даагчид олноороо сонгогдсон гэх. Тэдгээрийн дунд яг л манай Нара шиг урлаг соёлын "одод” олноор улстөрд орж иржээ.

Манайд төрийн эрх мэдлийг ээлжлэн барьсан хоёр том намын чансаа түүхэнд байгаагүйгээрээ уруудсан, тэрчлэн шинэ намууд ч бүтэхгүй байгаа ийм үед "Бие даагчдын холбоо” бужигнуулахыг байг гэх газаргүй бололтой. Гэхдээ тэдний бодлого юу байх вэ?

Төрийн эрхийг улс төрийн намуудаар дамжуулан хэрэгжүүлдэг, төрийн бодлогын үндсийг тэд тодорхойлдог гэх онолтой. Харин бие даагчид бодлогоо хэрэгжүүлнэ гэдэг бүтэх зүйл эсэхийг бүү мэд. Гэвч сонгох, сонгогдох эрхийг жинхэнэ утгаар нь тунхаглаж байгаа 79 иргэндээ баяр хүргэж, амжилт хүсье.

politik.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler