|
Видео

Шинэ мэдээ

Эрх дархтайгаа харуулах гээд ичгэвтэр байдалд оров

Эрх дархтайгаа харуулах гээд ичгэвтэр байдалд оров

 

УИХ-ын дарга З.Энхболд саяхан Архангайд ирэхдээ иргэдэд АН Монгол Улсыг сүйрлээс аварч, ам.долларын ханшийг барьж дэлхийд үлгэр загвар болж байгаа мэтээр гайхуулан тайлагналаа. Гэтэл УИХ-аас түргэн түүхий хууль гаргаж ард иргэд, жижиг худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийг туйлдуулж сөхрөөж байна.

Тухайлбал, НӨАТ-ын хуулийг нэрлэж болно. Энэ хууль ард иргэдэд хоёр хувийн хөнгөлөлт үзүүлэх биш "дөнгө” зүүсэн хууль болсон санагдана. Жижиг лангуу, дэлгүүр мухлаг, үйлдвэрлэл эрхлэгчид тасалбар олгохын тулд 1.2-2 сая төгрөгийн хэвлэгч төхөөрөмж, компьютер, бар код хэвлэгч худалдан авч, бас програмын үнэд сард 30000 төгрөг төл гэж шахаж, ингэхгүй бол торгоно, хаана гэсэн хуудас тарааж байна.

Өдрийн хоол, хүнс зардалдаа нэмэр хийхээр банкны зээлээр амиа аргацааж буй айл өрх яаж ийм их мөнгө олох вэ, дахиад л зээл авах уу. Энэ мэт амьдрах гэж байгаа дордост гаргасан хууль чинь "дөнгө” болж байна. Энэ тухай Их хурлын эрхэм даргыг манай нутагт морилох үеэр нь дуулгаж, "Үнэхээр хоёр хувийн хөнгөлөлт үзүүлчихвэл татвараа найман хувиар тогтоочихооч” гэж өвгөн депутат саналаа хэлж дуусаагүй байтал З.Энхболд дарга "Ярихаа боль, суу, татвараа нуун дарагдуулагч” гэж хэлж байх юм.

Бас болоогүй "Ядамсүрэн мэтийн хувийн дэлгүүр мухлагтай этгээдүүд хуулийг ингэж эсэргүүцэж байгаа юм” гээд микрофоныг нь хаалгав. Ардчилал гэж гайхуулагч АН-ын дарга аа, Их хурлын хэдэн гишүүний үгийг тасалж эр бяртай гэдгээрээ гайхуулдаг араншингаа над мэтийн иргэнд гайхуулж байгаа чинь шившиг шүү. Надад ямар ч дэлгүүр байхгүйг архангайчууд андахгүй. Хэлэх үгийг минь боомилсон З.Энхболдын харц, захиргаадалтаас айгаад энэ үеэр шударга үнэн үг хэлэх зүрхтэн гарсангүй.
Эрхэм дарга таныг дагалдаж явсан аймгийн удирдлагууд миний хэн болохыг хэлээгүй болохоор надад "Татвараа нуун дарагдуулагч” гэдэг нэр зүүлгэлээ. Эрх, дархтай том хүн гэдгээ харуулах гээд ичгэвтэр байдалд орох хэрэггүй л баймаар юм даа.

Үндсэн хууль батлалцаж явсан 83 настай миний биө таны энэ енгөц дүгнэлтэд үнэхээр сэтгэл дундуур байна. Энэ далимд хэлэхэд Үндсэн хуулийг батлалцаж явсны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай төслийг уншаад сэтгэл гундуу байна. Ийм төслөөр "Бүх ард түмний санал хураалгана” гэдэг чинь буруу. Энэ хуулиар 14 Засгийн газар байгуулахад долоо нь хямраагүй, хугацаандаа ажилласан. Харин долоо нь нам доторх фракц бүлэглэлээс үүдэлтэй хямрал байсан. Намын тухай, СонгуУлийн тухай хуулиас үүдэлтэй хямрал гэдгийг ард түмэн харж байгаа.

УИХ угтаа Монголын гурван сая ард түмний хураангуйлсан хувилбар гэж би ойлгодог. Их хурал хууль батална гэдэг нь чухамдаа ард түмэн хууль баталж байгаа хэрэг. Үндсэн хуульд 53- аас дээш тооны УИХ-ын гишүүн хууль батална гэж заасан нь ард түмний 53-аас дээш хувь нь хууль баталж буй явдал.

Одоо 19 гишүүний баталсан хууль үйлчилж байгаа нь буруу. Хуулийг хүч түрэн баталсан болж, төрийг үнэгүйдүүлж, хямралд оруулж байгаагийн уршиг нь дордуулсан долоон өөрчлөлтөөс үүдэлтэй гэж бодож байна. Иймээс энэ өөрчлөлтийг хүчингүй болгоход анхаарах ёстой.


АИХ-ын депутат, Архангай аймгийн өндөр настан Т.ЯДАМСҮРЭН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler