| |
Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж цаг гарздах хэрэггүй
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон бусад хуулийн төслүүд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2016 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэргийг хэлэлцсэн байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Малдчын мал үнэгүйдэж, хотондоо 20, 30 мянган төгрөгөөр зарагдаж байна. Гэтэл Улаанбаатар хотод бүтэн сараар мах идэхгүй байгаа хүмүүс байна. Мал, махны үнэ хямдраад байхад яагаад нөгөө талдаа мах идэж чадахгүй байна вэ. Энэ нь өнөөдрийн төр засгийн засаглаж чадахгүй байгаагийн гай. Тиймээс бид нийгмийн халамжийн бодлогоо анхаарах ёстой” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өмнөх чуулганы үеэр Эрүүгийн хуулийн төсөл бараг батлагдах шахсныг Хууль зүйн байнгын хорооны хуульч гишүүд бослого маягийн юм гаргаж болиулсан. Эрүүгийн хуулийн аливаа мөнгөний асуудал ярихдаа тооцооны нэгж гэж хаана ч байхгүй зүйл оруулж ирсэн.
Энэ тооцооны нэгж гэдэг зүйл шинэ Эрүүгийн хуулийн суурь болж байгаа нөхцөлд энэ хуулийг батлах ямар ч боломж байхгүй гэж үзсэн. Энэ асуудлыг ажлын хэсгийн түвшинд дахиж яриагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй байна.
Бид тооцооны нэгжээсээ татгалзаад өөр хувилбар ярих байх гэж бодсон чинь үүнийгээ зүтгүүлэх бодолтой байгаа юм шиг байна. Мөн тухайн үед Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд хэд хэдэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Үүний дотор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн хэлэлцүүлгийг заавал хийж, Эрүүгийн хуулийг Байцаан шийтгэх хуулинд нь шингээх ёстой.
Ингэхгүй бол сүүлд нь зохицуулж болохгүй нөхцөл байдал үүснэ гэж ойлголцоод Байцаан шийтгэх хуулийг дагаад Прокурорын хууль, Өмгөөллийн хууль гээд давхар долоон найман хууль яригдах ёстой. Эдгээр хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээд Эрүүгийн хуулийг хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулах, ямар нэгэн дотоодын зөрчилгүй болгож баталъя гэдэг зарчмын байр суурьтай байсан.
Гэтэл Эрүүгийн хуулиас бусад хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдээгүй байхад энэ хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх гэж байгаа нь дахин асуудал үүсгэж байгаа учраас бид Эрүүгийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин хойшлуулах саналтай байна. Ер нь Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс л хийх ёстой.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ирэх оны төсөсвт хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор болсон гэсэн. Яаж ангилаж олгох вэ?
-230 гаруй тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгодог байсан бол 110 орчим тэрбум төгрөгөөр хүүхдийн мөнгийг хасахаар оруулж ирсэн. Яг ямархуу байдлаар олгох нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ хүүхдийн мөнгөө авдаггүй, амьдралын боломжтой гэсэгт олгохгүй гэж тооцож байгаа байх. Мөн 18 нас хүртлэх хүүхэд хүүхдийн мөнгө авдаг байсан бол насыг бууруулж тооцож байгаа болов уу гэсэн таамаг байна. Засгийн газар төсвийн төслөө оруулж ирэхдээ хүүхдийн мөнгөө хасч оруулж ирсэн хасагдаснаараа батлагдсан.
-МАН Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа байхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гэтэл АН зүгээр шалтаг хэлж байна гэж байгаа?
С.Бямбацогт: -УИХ-ын дарга ямар ч асуудалд үзэмжээр хандаж байгаа. МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тэгсэн хэр нь Н.Батбаяр гэдэг ганцхан гишүүн өргөн барьхад өөрт нь таалагдсан учраас хэлэлцүүлээд явж байгаа. Энэ шударга бус байдал нь бидэнд таалагдахгүй байгаа.
Ц.Нямдорж: -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гарсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 57 гишүүн хэрэгтэй. Манай 25 хасаад, АН-ын дэмжихгүй байгаа гишүүд ч бий. Тиймээс энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулга явуулах болвол дахиад 57-оос доошгүй гишүүнтэйгээр энэ асуудлыг шийддэг горим тогтоосон. Тэгэхээр санал асуулга нь ч хийгдэхгүй. Үүнийг цааш нь хэлэлцэх нь ажлын, цагийн гарз. Ажлын хэсгийн гишүүд нь ч мэдээгүй заалтуудыг оруулсан гэж байгаа. Тэгэхээр энэ ер нь хууль есоор өргөн баригдсан баримт бичиг мөн үү.
Ер нь дараагийн парламент бүрэн эрхээ хэрэгжиж эхэлснээс хойш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Түүнээс бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар яригддаг асуудал биш. Одоогийн энэ хямрал, тартагтаа тулж байгаа нь Үндсэн хуулиас болоод байгаа юм биш.
Харин засгийн эрх авсан эрх баригчид үүнийг хямруулаад байгаа юм. Өөрсдийнхөө булихаас Үндсэн хууль руу чихж гарах улс төрийн залилан явж байна. Энэ АН-ын фракц хоорондын дайн дээр хоорондоо таардаггүй МАХН, "Шударга ёс эвсэл”-ийхэн нэмэгдээд 45 хүний дунд долоон, найман фракцад хуваагдчихаад байгаа юм.
Энэ л бүх зовлонгийн үүр уурхай болоод байна. Үндсэн хуулийн энэ нөхцөлд бид 2012 онд эдийн засгийг өсгөж л байсан. 2000 онд -1 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж аваад 2004 онд 10.6 хувийн өсөлттэй эдийн засгийг Ц.Элбэгдоржийн Засгийн газарт хүлээлгэн өгч байсан.
Асуудал Үндсэн хуульд биш эрх барьж байгаа намд л байгаа юм. Нэгнийхээ хий гэж байгаа ажилд тээг тавьсаар байгаад л бүх зүйлээ унагаж байна. Маш товчоор хэлбэл засаглаж л чадахгүй байна. Засаглаж чадсан тохиолдолд бүх зүйлийг аваад явж болдог.
Г.Төмөр