| |
ӨНӨӨДӨР: “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт болно
09.00 цагт: "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Гадаад хэргийн яамны "Их Номин” танхимд болно. Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан хөтөлбөрийн менежер хатагтай Шазира Завави, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын хүмүүс оролцож сонирхолтой илтгэлүүдийг тавьж мэдээлэл өгнө. Утас: 88026226, 262902
09.00 цагт: НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар "Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218, 325044
09.30 цагт: Газар тариалангийн эрсдэлийг даатгалын хэлбэрээр хамгаалах зорилготой "Газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүн"-ийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Газар тариаланчдын холбоо, газар тариалан эрхлэгчид болон 16 даатгалын компанийн төлөөлөл оролцоно. Уулзалт BLUE SKY TOWER, TOPAZ танхим (3 давхар)-д болно. Утас: 99160304
10.00 цагт: "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт өдөрлөгийн нээлт "Ачтан" эмнэлэгт болно. Тус өдөрлөгийн үеэр НМХГ-аас эмийн жор бичилтийн стандарт, шаардлага, эмийн зохистой хэрэглээний талаар сургалт явуулна. Түүнчлэн "Ачтан" эмнэлэгээс иргэдийг үнэ төлбөргүй амбулаторийн үзлэгт хамруулан зөвлөгөө мэдээлэл өгнө. Утас: 91887887
11.00 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Цэцэг өргөх ёслолд МАН-ын удирдлагууд Ж.Батмөнх агсаны гэргий төрөл төрөгсөд нь оролцоно.
11.00 цагт: Зам, Тээврийн сайд М.Зоригт аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон авто клуб, хувь хүмүүсийг ЗТЯ-ны байранд хүлээж авч уулзан талархал илэрхийлнэ.
11.00 цагт: Дэлхийн бөөр хамгаалах өдрийг тохиолдуулан "Улаанбаатар-Мед" эмнэлэг бөөрний үзлэг, зөвөлгөө зохион байгуулна. Энэ арга хэмжээ энэ сарын 18-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй хийгдэнэ. /Хаяг: Эх нялхсаас VI бичил хороолол руу урууддаг замын баруун гар талд байрлах МТ ШТС-ын дэргэд. Утас: 99841873/
11.00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд "Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт болно. Утас: 99837676
11.00 цагт: АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба болон УИХ-ын Тамгын газраас хамтран ирэх дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын парламентын түншлэлийн IX уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал АСЕМ-ын Мэдээллийн төвд болно. Хуралд УИХ-ын Тамгын газар болон АСЕМ-ын БАА-ны холбогдох албан тушаалтнууд оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Утас: 263692, 99090339 , 88080619
11.30 цагт: Ардчилсан намд 1000 ээжийн баярыг луйвардуулсан талаар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Засгийн газрын мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.