|
Видео

Шинэ мэдээ

ХҮН-ынхан намаа тараах уу эсвэл "эсэргүү" гишүүдээ хөөх үү

ХҮН гэдэг нэгэн сонирхолтой улс төрийн хүчин ойрын өдрүүдэд үнэхээр олны анхаарлыг татаж чадлаа. Цагаан сарын өмнөхөн эхэлсэн ХҮН-ын гишүүдийг хамарсан "зодоон" одоо цаагуураа далд өрнөж байна. Намын дарга С.Ганбаатар болон Т.Ганболд гэгч эрхмүүд ХҮН-д орсноос хойш тэднийг боллон тэдний багийнханыг эсэргүүцэгчид борооны дараах мөөг шиг олширсон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар С.Ганбаатар, Т.Ганболд, Т.Бат-Оргил, С.Боргил тэргүүтэй нэг хэсэг. Намын дэд дарга Б.Найдалаа, Т.Доржханд, Ө.Мөнхбат нарын тэргүүтэй намын анхны үүсгэн байгуулагчдын нөгөө хэсэг гэж хоёр талд хуваагдаж байгаад хэвлэлээр "байлдаж тоглосоор" өдийг хүрлээ.

С.Ганбаатар "Тусгай бүлэглэлийн захиалга надруу чиглэж байна. Нам дотроо асуудлаа шийднэ" гэж удаа дараа ярьлаа. Ирээдүйн Ерөнхийлөгчийг маань нухчин дарахаар "дээрээс шидэж байгаа чулуу" гэнэ. Харин намын зарим нөхөд нь "Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх" гэдэг шиг намын даргаараа сонгосон биш намаа хагалан бутаргаж хоёр хуваалаа гэж ихэд шүүмжилж байгаа.

Удирдах зөвлөлийн хурлаас намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг намын дарга нь гаргасан.

Удирдах зөвлөлийн олонх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын удирдах арга барилд нь дүгнэлт хийж, цаашид удирдуулах боломжгүй гэж үзсэн учраас намын даргадаа хүсэлт гаргажээ. Үүнийг нь намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар харгалзан үзээд ийнхүү үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Удирдах арга барилд дүгнэлт хийнэ гэдэг бол намын ажлыг авч явж чадахгүй байна гэсэн үг юм. Харин түүний орны хүнийг мөн Удирдах зөвлөлийн хурлаас томилсон юм. Тодруулбал, Н.Одонгуаг эзгүй болоод буй Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд томилсон байдаг.

Хамаг "муу юм" үүнээс л эхэлсэн. Гадаадад явсан Т.Доржхандыг чөлөөлсний дараагаар намын гишүүд нь удирдлагуудаа эсэргүүцэж олон нийтийн өмнө өөрсдийнхөө булхиаг дэлгэж, намаасаа гарахаа ээлж дараагаараа мэдэгдэж эхэлсэн. Тэрч байтугай тамга тэмдгээ хэн нэгэн нь авч зугтаасан гэх сурагтай. Мөн мөнгөтэй хэмээн тодотголыг олон нийтээс аваад буй тус ХҮН-ын намын жагсаалтаа үнэлсэн мөнгөн дүн олныг гайхшруулж байгаа юм. Энэ талаар ХҮН-ын анх үүсгэн байгуулагчдын нэг буюу Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил өөрийн твиттер хуудснаа бичиж хэрэг явдлыг эхлүүлсэн. Тэрбээр, ХҮН ирэх сонгуулиар намынхаа жагсаалтын гуравдугаар байрыг таван тэрбумаар үнэлж, түүнийгээ худалдсан гэж жиргэв. Үнийн прогресс нь дээшээ хоёроор нэмэгдэж, доошоо бас хоёроор багасч байгаа гэнэ. Бидэнд мэдэгдэж байгаа гуравдугаар байрыг таван тэрбумаар үнэлсэн гэдэг мэдээллээр хөөж бодож үзвэл ХҮН-ын жагсаалтын нэгдүгээр байраа есөн тэрбумаар, хоёрдугаар байраа долоон тэрбумаар, гуравдугаар байраа таван тэрбумаар, дөрөвдүгээр байраа гурван тэрбум, тавдугаар байраа нэг тэрбум, зургаадугаар байраа 500 сая, долдугаар байраа 300 сая гэх зэргээр үнэлсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ бүх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тэд ирэх сарын 3-ны өдөр Намын төв хороогоо хуралдуулахаар болсон. Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Намын төв хорооны хурал нь нэлээд халуухан болох шинжтэй байгаа гэнэ. Тодруулбал, намын гишүүд нь хоорондоо тохиролцож чадахгүй байгаа учраас уг хурлаар намаа тарааж болох талаарх яриа ч хүчтэй өрнөж эхэлжээ. Эсвэл аль хүчтэй нь хүчгүйгээ намаасаа "хөөхөөр" шийдийг гаргах сурагтай. Хэрэв тийм байдал үүсвэл С.Ганбаатар тэргүүтэй мөнгөтэй гишүүд болон Т.Доржханд тэргүүтэй хууччуул гэнэ.

Ямартаа ч ХҮН-ынхан маш их мөнгө цацаж асуудлыг намжаахаар оролдож байгаа ч төдийлөн амжилттай болж өгөхгүй байна. Одоо тэдэнд ирэх сарын гуравны хурлаасаа өмнө тохиролцоонд хүрэх эсвэл эх сурвалжуудын мэдээлж буй шиг намаа тараах, гишүүдээ хөөх гэсэн хоёр зам л байна. Асуудал чухам хэрхэн өрнөхийг хамтдаа харах л үлдлээ.

Г.Ган

Эх сурвалж: http://www.zaluu.com/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler