|
Видео

Шинэ мэдээ

Шинэ ХҮН тааруухан байна

 

Монголын улс төрд шинээр Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) мэндэлсэн нь саяхан. Итгэл үнэмшлээрээ нэгдсэн нэлээд хүний нэгдэл болсон уг намын зүг ард түмэн итгэлийн харцаар харж эхэлсэн. Тус нам өнгөрсөн сард ээлжит бус Их хурлаа хийж 98 хувийн саналаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намын даргаар сонгосон. Иргэдээс авсан "Шилдэг улс төрчийг нэрлэнэ үү” гэсэн цөөнгүй санал асуулгад нэгт орж, одоогийн Ерөнхийлөгчийг ардаа орхиж чадсан, рейтинг нь огцом өсөж байсан С.Ганбаатар намын даргын тамга тэмдгээ авсан даруй даа ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн намаа 2016 оны сонгуульд үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна хэмээн зарласан. Үүний дараахан будаг нь ханхалсан машин гэдэг шиг шинэ намын шинэхэн дарга "Ийгл" телевизийн "Иргэний мэдээ" нэвтрүүлэгт оролцсон. Гэтэл гай нь таарсан уу, хэн нэгний захиалга байсан уу уг нэвтрүүлэг тэр дугаараас эхлэн "Үнэнээ хэлэх мөч" хэмээх булантай болсон юм. Ийн тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Т.Алтаншагай УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатарын намтарт бичигдсэн зарим зүйлс худлаа гэдгийг өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлж чадсан. Үүнээс үүдэн "босоо” гишүүний рейтинг нэлээд хүчтэй унаж, тэрбээр хэсэгтээ л нам жим болсон. Энэ үеэр эрхэм гишүүнийг дэмждэг, хир халдаадаггүй дэмжигчид нь түүнийг шархаа долоож байгаад дахин гарч ирнэ, зоримог шийдэмгий хөдөлнө хэмээн хүлээж байсан. Гэтэл С.Ганбаатарын хийсэн дараагийн алхам холуур тойрсон гайг өөр лүүгээ дуудчихсан гэлтэй. Учир нь шинэ ХҮН-ын дарга хонь жилийн хамгийн отгон өдөр буюу энэ сарын 8-нд 001 дугаартай эхний тушаалаараа гадаадад томилолтоор явж байсан ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доржхандыг ажлаас нь чөлөөлжээ. Дараа нь 002 дугаартай тушаал гаргаж, тус намын дээд байгууллага болох Хариуцлагын ерөнхий хороог татан буулгах шийдвэр гаргасан байна. Намынх нь даргын энэ үйлдэл цөөнгүй гишүүн, дэмжигчийн дургүйг хүргэсэн бололтой. Эхнээсээ эрхэм дарга руугаа чулуу шидээд эхэллээ. Бүр Дундговь аймгийн ХҮН-ын дарга Ш.Эрдэнэбат намын дарга С.Ганбаатарыг Хариуцлагын Ерөнхий хороонд өгч, даргын суудлаас огцрох ёстой гэсэн өргөдөл бичсэн байна. 

 

Уг өргөдөлд "Нэг. Намын дарга С.Ганбаатар нь 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 001 тушаал нь 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан тушаал гэж байгаа боловч тухайн өдөр удирдах зөвлөлийн ямар ч хурал болоогүй байна. 

 

Хоёр. Намын дарга С.Ганбаатарын Хариуцлагын ерөнхий хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан нь Хариуцлагын ерөнхий хорооны ажиллах  журмын 6.2-т заасан "Хариуцлагын ерөнхий хорооны шийдвэр эсвэл тус хорооны дарга, дэд даргатай холбоотой гомдлыг намын их хуралд гаргах ба гомдлыг удирдах зөвлөл хүлээн авч намын их хуралд танилцуулна" гэснийг зөрчиж байна” гэв.

 

Үүнээс гадна ХҮН-ын нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат намын даргынхаа худал хуурмаг занг тэвчихгүй байгаагаа илэрхийлэн захидал бичсэн. С.Ганбаатарт гарчигласан түүний захидалд "Та ХҮН-д орж ирснээр худал хуурмаг илрэв, намын гишүүдийг хоёр хувааж, хууль бусаар ЕНБД-ыг баталгаажуулах гэж оролдсон. Та бусдыг тэмцэлдүүлэх дуртай бололтой. Мөн намынхаа залуучуудын эв нэгдлийг хангаж чадахгүй байгаа хүн лидер мөн үү, бие даагаад өөрийнхөө арга барилаар явсан дээргүй юу. Бидний байгуулсан намыг битгий эвдээч” хэмээн гуйжээ. 

 

 

Мөн өчигдөр Ө.Мөнхбат, Ш.Эрдэнэбат тэргүүтэй тус намын удирдах албаны зарим гишүүн Намын дарга С.Ганбаатарын тушаалтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Уг хурлын үеэр "ХҮН-ын дарга С.Ганбаатар өөрөө намын дүрмийг зөрчиж, өөрсдийнхөө баталсан дүрмээ сахихгүй, маш хариуцлагагүй үйлдэл хийж байна. Түүнчлэн намын гишүүдийн зүгээс "Оюунлаг, эх орондоо 10-аас доошгүй жил ажилласан, гадаадад боловсрол эзэмшсэн эх орныхоо ирээдүнй төлөө санаа зовдог хүмүүс нэгдэж, ХҮН-ыг анхнаас нь клуб маягаар эхлүүлж, намыг үүсгэн байгуулсан. Монгол Улсыг хөгжүүлэх боломж байна гэж үзсэн учраас бид улс төр лүү орсон. Гэтэл намын дотор ёс зүйгүй, жудаггүй, зарчмаа гээж ажиллаж байгаа нөхдүүд бий болж байна. Энэ асуудлыг манай намын жирийн гишүүд их эмзэглэж хүлээж авч байгаа бөгөөд үл итгэлцлийг бий болгосон нөхдөдөө харамсаж байна” гэсэн юм. Мөн тус намын хоёр ч гишүүн намаас гарах өргөдлөө өгсөн гэнэ. 

 

 

Ийн эрхэм гишүүн, шинэ ХҮН-ын даргын ярьсан 2016 оны үнэмлэхүй, 2017 оны хоёр дахь ялалт худлаа боллоо. Намын даргын суудлаасаа хусагдах хэмжээнд оччихлоо. Уг нь С.Ганбаатар шинэ ХҮН-ийг зөв удирдаад, залж чиглүүлээд явсан бол уг нам томрох нь тодорхой, УИХ-д суудал авах нь ойлгомжтой байсан. Гэлээ ч эрхэм гишүүн хөлд орж буй шинэ ХҮН-ыг шороотой хутгаад хаячихлаа. Ийн эрх баригч намыг багагүй айлгаад авсан шинэ ХҮН тааруухан байна.

 

Ч.Төмөр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler