| |
МАХН, МАН-д төрсөн өдрөө хамт тэмдэглэе гээд захиа бичжээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болохоор удтал зүтгэж буй ч замд нь АТГ-аас ирүүлсэн бичиг саад болсон. АТГ түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй учраас энэ албыг хашихад зохимжгүй гэсэн утгатай бичиг явуулсан ч ЗГХЭГ-т ирээгүй байгаа гэсэн мэдээлэл өчигдөр мэдээллийн сайтуудад "өнжсөн”. Товчхондоо Ч.Сайханбилэг намын даргын даалгавраар ч гэх үү, Шадар сайд болохыг зөвшөөрсөн ч Ерөнхий сайдын гол "хамгаалагч” Ерөнхийлөгч АТГ-ыг "атгадгийнхаа” хувьд чадах чинээгээрээ "тормоз” гишгүүлэв. Энэ нь Н.Энхбаярыг төр эргэн ирүүлэхгүй байх сүүлчийн боломж ч байж мэдэх юм.
Ямартай ч хуулийн байгууллага түүний ялтай хугацаа дуусаагүй гэчихлээ. МАН бол Н.Энхбаярыг гэж онцлоогүй ч хаврын мал төллөлт, ой хээрийн түймэр гээд Улсын Онцгой комисс болон Шадар сайдын нэн хариуцлагатай үе ирсэн гэж үзээд "Шадар сайдаар оруулж ирэх хэнийг ч дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн. Энэ хариунд баярласан уу, эсвэл АН-ынхны талцсан хариунаас залхсан уу, МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ынханд ээлжит "хайрын захиа”-гаа илгээсэн гэлцэх боллоо. Түүний захиа нь ирэх гуравдугаар сарын 1-нд баяраа хамтдаа тэмдэглэе, хамтарснаа ч зарлачихъя гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл 2012 оны гуравдугаар сарын 1-нд Тасганы овоонд эхлээд МАХН, дараа нь МАН гарч нар харж тэмдэглэж байсан бол одоо хамтдаа хөтлөлцөөд гарах цаг ирсэн бололтой. 2015 оны гуравдугаар сарын 1-нд бол АТГ-аас зарлан дуудах бичиг авчихаад очихгүй гэж цахдаж байсан үе нь...МАН, МАХН-ын өрх тусгаарласан таван жилийн түүхэнд энэ хоёр намынхан "Эх орончдын өдөр”-ийг булаалдаж тэмдэглээд бусад нь харж суудаг байсан бол энэ удаа нэлээд сонирхолтойгоор баяраа тэмдэглэх бололтой.
Гэвч цаагуураа айсуй сонгуулийн өмнө эвсэе, нэгдье гэсэн санал, нэг ёсондоо сүйн хадаг гэж болохоор харагдаж байна. Хариуд нь МАН-ынхан ч "Тэгье” гэсэн хариу өгсөн бололтой юм. Тэд олон нийтэд цочир байлгахгүйн тулд эртнээс дуулгаж "дасгасан” байсан. Тэгээд ч "Зугтах биш зүтгэх” гэдэг, Н.Энхбаяр "Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг. Тэгэхээр ирэх сонгуулийн хүч өөрөө МАН-ыг сонгож "сүйн хадгаа” өгсөн нь энэ аж.
С.Зэндмэнэ