| |
Н.Батцэрэг Шадар сайд болох уу, М.Энхсайхандаа үнэнч үлдэх үү
Их хурлын дарга З.Энхболдтой саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Д.Тэрбишдагва нар уулзаад гарсан. Тэд эвсэлд хамаарах гурван сайдын суудлыг ийнхүү ярьж тохирсон. Үүний араас МоАХ фракцийн Х.Баттулаг болон А.Гансүх нар орсон. Тэд бодвол фракцидаа оногдсон сайдын суудалд Л.Эрдэнэчимэг гишүүнийгээ нэр дэвшүүлэхээр талаар намын даргатайгаа зөвлөлдсөн байх гэж эх сурвалжууд таамаглаж байна.
Харин сүүлд авсан мэдээллээр Ерөнхий сайдад намын дарга З.Энхболд танхимаа бүрдүүлэх бүх эрх мэдлийг "атгуулсан". Одоо Ч.Сайханбилэг гишүүдтэйгээ болон хамтрагч эвслийнхэнтэйгээ л тохироо хийж чадвал "сайдын дамжаа" шинэ элсэгчдээ "өлгийдөн" авна.
Одоогийн байдлаар Шударга ёс эвсэл хуралдаж Шадар сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг нэр дэвшүүлэхээр болсон. АН-ынхан хараахан эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Учир нь Ерөнхий сайд бүлгээс оруулж ирсэн гишүүдийг дэмжээгүй. Нам дотроо сандал ширээгээ булаацалдсан хэвээр л байна.
Эвсэл ч гэсэн дутахгүй юмгүй. Шадар сайдад нэр дэвшихээр болсон Н.Батцэрэгийг МАХН-ынхан "МҮАН-аас гарч манайд ор. Үгүй бол Шадар сайд болгохгүй гэж" шантаажилж байгаа сурагтай. Н.Батцэрэг одоо Шадар сайд болох уу, М.Энхсайханд болон намдаа үнэнч үлдэх үү гэдгээ шийдвэрлэнэ.