| |
З.Баянсэлэнгийн популизм ба дарамт үүрүүлэх далд санаа
Үнэндээ өнгөрсөн зунаас хойш өдийг хүртэл орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай хүлээлт иргэдийг зовоолоо.
Одоо ч энэ байдал дээрдсэн шинжгүй. Сайд З.Баянсэлэнгэ "Заавал 10 хувь болгоно” гэж хүртэл амалж, үүний автор нь болчих санаатай өнгөрсөн хугацаанд багагүй гүйв. Гэвч тэр үнэнд гүйцэгдэж ээ...
Гэтэл бодит байдал дээр 10 хувийн урьдчилгаа гэдэг хүсэн хүлээгээд байх үр дүн биш юм. Маш товчхондоо З.Баянсэлэнгэ сайдын ярьж байгаа шиг 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж чадахгүй байгаа олон өрх байртай болчих юм биш. Учир нь арилжааны банкуудаас тавих шаардлага найман хувийн зээлийн босгоос ч өндөрсөх учиртай. Тухайлбал 30 хувийн урьдчилгаа төлж, найман хувийн зээлд хамрагдсан иргэн сард 600 мянган төгрөг төлдөг байсан бол 10 хувь болж буурснаар 800 мянган төгрөг төлөх шаардлагатай болж байна. Үүнийг дагаад өрхийн орлогын хэмжээ дээшлэх нь ойлгомжтой. Хамгийн энгийн аргачиллаар бодож үзэхэд найман хувийн зээлд хамрагдахын тулд 1.2 сая төгрөгийн өрхийн орлоготой байх журамтай байсан бол урьдчилгаа төлбөрийг 20 хувиар бууруулснаар өрхийн орлого 1.4 саяас дээш болж өсөх юм. Тэр цагт ипотекийн зээлийн журамд байх өрхийн орлогын 45 хувиас илүүгүй төлбөрийг сар бүр төлөх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ цагт хатуухан хэлэхэд барилгын салбарт "Стоп кран” татсан үзэгдэл болох юм. Харин иргэн, арилжааны банк хоёрын сонирхолыг нэгтгэж, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох хувилбар бололцоотой тухай ч албаныхан ярих болсон. Үнэндээ энэ байдал ч сайн үр дүн авч ирэхгүй. Харин иргэнээс гарах мөнгө нь 20 хувь болж, төрөөс үлдсэн 10 хувийг нь төлөх хувилбар бол байж болох юм. Гэвч энэ тухай ярихад эрт. Учир нь улсын төсөв баталсан тул шаардлагатай байгаа 20 тэрбум төгрөгийг гаргах боломж байхгүй.