|
Видео

Шинэ мэдээ

Өрхийн төсвийн хувилбар улсын хэмжээнд очих нь

Өрхийн төсвийн хувилбар улсын хэмжээнд очих нь Залуухан, ганц бие танил бүсгүй маань цалингийн хэмжээгээ чамлангуй хэлээд, гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс яаж амьдардаг юм бэ гэж уулга алдсаныг тод санадаг юм. Түүний цалин бага биш. Харин ч дундаж цалингаас өндөр байв. Түүнд амьдралын жижиг сажиг ухаан дутаад буйг ойлгоод, чимээгүй л өнгөрсөн. Харин яаж амьдардгийг нь тэгтэл гайхсан өнөөх хүмүүс нь зардлаа нарийн л тооцчихдог хэрэг.

Манай улсын хэмжээнд өдгөө 823 мянган өрх бий гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос хийжээ. Харин жил бүр дунджаар 10 гаруй мянган залуу хос айл гэр болдог байна. Залуу хосуудын хувьд цөөнгүй нь орон сууцны зээлд хамрагдсан болохыг Монгол банкнаас гаргасан статистик батална. Тухайлбал, 2008 оноос хойш 72 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагджээ. Ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хугацаа 16.4 жил байгаагаас үзэхэд, 30-аас доош насны залуу гэр бүлд арилжааны банкууд зээл олгоод буйг төвөггүй ойлгож болно. Өөрөөр хэлбэл, дунджаар 10 өрх тутмын нэг нь сар бүр байрны зээл төлдөг аж. Зээл авсан залуу хосуудын өрхийн төсөвт зээл төлөх өдөр улаанаар тэмдэглээстэй байдаг биз.

Эхний хагас жилийн байдлаар 89.3 тэрбум төгрөгийг гадаад зээлийн үйлчилгээний шимтгэлд төлсөн

Тэд зээлээ төлчхөөд цалингийн үлдсэн хэсгээрээ байр, утас, кабелийн мөнгө төлнө. Үүнээс гадна хоол хүнс, унааны зардал, цэцэрлэгийн төлбөр гээд хэрэглээний зардал мундахгүй. Автобусаар явах уу, алхах уу гэсэн сонголттой тулгарснаа ч найз маань инээмсэглээд ярьж билээ.

Нэг талаас харахад тэд байрны зээл болоод хүүнд дарлуулаад, алхаад ажилдаа очдог. Сар бүр улаан шугамаар татсан өдрийг хүлээж, шаналах нь шударга бус санагдах үе ч гардаг байх. Тэгэхдээ л бүгд дуу нэгтэйгээр ипотекийн зээл авах сонголт зөв гэдгийг баталдаг. Өрхийн төсөв хүндрээд, автобусны мөнгөгүй болсон ч хамаагүй. Зээл авах чадамж нь л байвал өнөөх байрны зээлээ бушуухан ав гэж захина.

Залуу хосуудын өрхийн төсөв болоод зээл нь эдийн засгийн хамгийн жижиг ойлголт юм. Ерөнхийдөө өрх гэрийн тоо олон мянга болон томроод ирэхээрээ макро түвшний асуудал болдог учиртай. Тэгэхээр өрхийн төсвийн томруулсан хувилбар нь улсын төсөв болж таарна. Микро түвшинд өрхүүд зээл авахыг сайшааж буй бол улс орны түвшинд ч энэ хувилбар ашигтай байх нь дамжиггүй. Тиймээс ч өндөр хөгжилтэй орнуудын зээлийн хэмжээ ДНБ-ий хэмжээнээсээ давдаг. Тухайлбал, АНУ-ын Засгийн газрын өрийг ДНБ-тэй харьцуулсан харьцаа 102 хувьтай тэнцжээ. Япончуудынх бүр ч их буюу 230 хувьтай тэнцэж байгаа юм.

ХЭРХЭН ТӨСВӨӨ БИЧИХ ВЭ

Манай улс өндөр хөгжилтэй орнуудын жишгээр олон улсын зах зээлээс өчнөөн зээл авсан. Ойрын найман жилийн хугацаанд нийлбэр дүнгээрээ бараг гурван тэрбум ам.долларыг зээлийн төлбөртөө төлөхөөр байгаа. Гэхдээ залуу гэр бүлүүдээс ялгаатай нь зээлээ авахдаа төлөвлөөгүй.

Өөрөөр хэлбэл, хосууд анхнаасаа л байр гэж "онилоод”, үүнийхээ төлөө зүтгэж байхад улсын хэмжээнд "онилсон” байгүйгээр зээл аваатахсан байна. Микро түвшинд төсөв бичихдээ ирээдүйгээ харчхаад, макро түвшинд олдсон дээр нь гээд авчихсан хэрэг.

Өдгөө өрхийн төсөв хөтлөгч болон Засгийн газрынхан хоёулаа л "автобусны мөнгөгүй” болж эхэлснийг тоон дүнгүүд батална. Тодорхой хэлбэл, дотоодын зах зээлд Засгийн газрын бонд их хэмжээгээр гаргаж, төсвийн алдагдлыг нөхөж байна. Экспортод гаргадаг гол түүхий эдүүдийн ханш олон улсын зах зээлд тартагтаа тулснаас аваад дотоодод бонд гаргах болсон шалтгаан мундахгүй.

Одоо тэгэхээр яах хэрэгтэй вэ? Залуу хосууд ч яах вэ. Анхнаасаа тооцож төлөвлөөд байраа авчихсан. Хожим нь өнөөхөө үр хүүхдэдээ өвлүүлэх эрхтэй болж буй учраас санаа зовох зүйл алга. Алхаад л ажилдаа гүйчихнэ. Харин Засгийн газрынханд ямар гарц байна вэ? Анхнаасаа л тэд зээлийн санхүүжилтээр юу хийхээ төлөвлөсөнгүй. Өдгөө хүүгийн төлбөрөө төлөөд эхэлснийг Төсвийн гүйцэтгэлийн мэдээнээс харж болно. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар 89.3 тэрбум төгрөгийг гадаад зээлийн үйлчилгээний шимтгэлд төлсөн байна.

Тэгтэл оны эхэнд л Засгийн газрынхан төсвөө тодотгоод, зардлаа бууруулж, бүсээ чангалахаа мэдэгдсэн шүү дээ. Харин хүүгийн төлбөр яг л цалингийн зардал шиг бараг 100 хувиар биелэгдэх учиртай. Танаж ч болохгүй, бууруулж ч болохгүй ийм нэгэн "ялтай” зардал.

Үүнээс гадна өрхийн төсөв бичигчийн орлогыг арилжааны банкныхан ягштал тооцоод, зээлийн хэмжээг нь тогтоочихсон. Тэгтэл манайхан улсын төсөв бичихдээ "цалингаа” автоматаар нэмснийг зэсийн ханшийн таамаглалаас нь харж болно. Тодруулбал, төсөвт тонн зэсийн үнийг 6354.7 ам.доллартай тэнцэнэ гэж суулгасан нь олон улсын өнөөгийн ханшаас 1100 гаруй ам.доллараар өндөр байна. Үүндээ тулгуурлаад хэзээ нэгэн цагт түүхий эдийн ханш өснө гэсэн итгэлтэйгээр дотоодын зах зээлд бонд гаргасаар л байна. Вексель ч бичих сураг дуулдсан.

Энэ мэтчилэн яривал өрхийн төсөв үнэн бодит мэдээлэлд тулгуурладаг байхад улсын төсөв төсөөллийн тоонуудад тулгуурлаад байх шиг.
Эцэст нь, өрхийн төсөв бичигчид амьдралын төлөвлөгөөгөө боловсруулж, зардлаа зохицуулж амьдрах ёстойг ойлгожээ. Харин улсын төсөв бичигчид үүнийг хараахан ойлгоогүй бололтой. Тэд өндөр хөгжилтэй орныхон ДНБ-ээсээ давсан зээлээ хэрхэн хөрөнгө болгож буйг "гайхах” нь өнөөх учраа олохгүй яваа залуу бүсгүйг санагдуулна.

Э.Хулан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler