| |
Цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хамт гэрт нь хөнөөжээ
Өнгөрсөн шөнө цагдаагийн алба хаагч эмэгтэйн гэр бүлийнхэнд халдаж хоёр хүний амь насыг бүрэлгэж, хоёр хүнийг хүнд гэмтээсэн ноцтой осол гарлаа. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед аавтай нь хамт гэрт нь хутгалж амь насыг нь хөнөөжээ.
Гэмт этгээд хохирогчийн ээж, ахыг нь бас хутгалсан бөгөөд одоо биеийн байдал нь хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийнх нь найз залуу Б-г сэжиглэж байгаа юм байна.
Учир нь, Хохирогч түүнийг дүүтэйгээ суулгахгүй гэсэн тул ийнхүү харгис гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Ийм хэрэг гарсан нь үнэн. Одоогоор сэжигтнийг бариагүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Т.Болормаа