|
Видео

Шинэ мэдээ

Хаан банкны 41,3 хувийн төлөө Х.Баттулга, Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Д.Эрдэнэбилэг нар өрсөлдөж байна гэв үү

Хаан банкны 41,3 хувийн төлөө Х.Баттулга, Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Д.Эрдэнэбилэг нар өрсөлдөж байна гэв үү

 

-ХААН БАНКИЙГ ЭЗЭМШИХ НЬ ЗӨВХӨН БАНКНЫ САЛБАР БУС, УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР АШИГЛАЖ БОЛОХ ХАМГИЙН ТОМ СҮЛЖЭЭ УЧРААС УЛСТӨРЧИД ЭНЭ БОЛОМЖИЙГ АЛДАХГҮЙГ ХИЧЭЭЖ БАЙНА-

           Хаан банкны 41.3 хувийг эзэмшихийн төлөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, сахал хочит Д.Эрдэнэбилэг тэргүүтэй томчууд сүүлийн хэд хоног эрчимтэй "үзэлцэж” байгаа гэнэ. Учир нь, Хаан банкны 41.3 хувийг эзэмшигч япон иргэн Хидео Савада өөрийн хувиа гайгүйхэн зарчих хүн хайгаад жил гаруй хугацаа өнгөрч буй ч "Өнөө маргаашгүй өгчихөөд дараагийн бизнес рүүгээ явлаа” гэх түүний яриа томчуудыг ийн сандаргаад байгаа аж. Хэдэн сарын өмнө тус банкны 22.9  хувийг эзэмшигч, Таванбогд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан дээрх хувийг 300 сая ам.доллараар авахын даваан дээр Хидео Савада наймаанаасаа буцсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тэр Ц.Баатарсайханд Хаан банкны хувьцаагаа зарахыг хүсэхгүй байгаа нь улстөрчид болоод бизнесмэнүүдийн хувьд том боломж болоод байгаа юм. ХААН банк нь нийслэл болон 21 аймагт нийт 537 салбар нэгжтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк билээ.  

         Монгол Улсын Банкны тухай хуулийн 36.3-т "Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуулийн 19 дүгээр зүйл, 20.1.5, 20.1.7, 20.3-т заасан шаардлага, 361 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банканд мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны хувь эзэмшигчдэд өөрчлөлт оруулбал заавал төв банкнаас зөвшөөрөл авах хуультай. Ийм учраас өнөөдөр бол өнөөдөр, маргааш бол маргааш зарахаар зэхсэн Хаан банкны хувьцааг зарах хүсэлтийг Монголбанканд тавьсан эсэхийг тодруулахад, "Хаан банкны хувь эзэмшигчдэд өөрчлөлт оруулах хүсэлт ирээгүй” гэсэн юм.

          Монголын хамгийн олон харилцагчтай банкны эзэмшигч, эзэн байх нь Монголын нөхцөлд банк, санхүүгийн гэхээсээ илүүтэй улс төрийн тоглолт хийж болох талбар, харилцагчдынхаа мэдээллийг ашиглаж болох давуу талтай хэмээн сонирхогчид тооцоолж буй нь тодорхой. Ийм учраас л япон эр хувьцаагаа захын нэгэнд өгчихгүй няхуур үзэж буй ч байж мэднэ. Гэхдээ энэ нь Монголын банкны систем, Хаан банкны харилцагчдад хайртайдаа биш, хувьцаагаа хэнд нь өгвөл илүү ашигтай байх вэ, хэзээ өгвөл үнэд хүрэх вэ гэх боломжит цагийг хүлээж буй хэрэг гэвэл илүү зохино.

         Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн хавар Хидео Савада Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай энэхүү хувьцааныхаа асуудлаар уулзах саналыг хэд хэдэн удаа тавьсан нь саяхан биелэлээ олж, тохиролцоонд хүрсэн байж болзошгүй байгаа аж. Гэхдээ хотын дарга Д.Сумъяабазар уг банкийг авах, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны "шарх”-аа нөхөх сонирхол түүнээс илүү байгаа гэх мэдээлэл ч байна. Хаан банкны 22.9 хувийг эзэмшиж буй Ц.Баатарсайханы хувьд энэ нь хэдийгээр алдаж болохгүй боломж ч Хидео Савадатайгаа тохиролцоонд хүрч чадахгүй яваа билээ.

        Юутай ч япончууд Монголын банкны салбараас гарч, тус банкны 63 хувийг гаднынхан эзэмшдэг байсан байдал өөрчлөгдөх нь ээ.

Монгол Улсын хамгийн том арилжааны банк болох Хаан банкны 41.3 хувийг эзэмшигч "Савада Холдингс” компанийн тухай

         "Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (8699) "Савада Холдингс” ХХК нь гол төлөв санхүүгийн бизнес эрхэлдэг компаниудын хувьцааг эзэмшдэг холдинг компани бөгөөд одоогоор долоон охин ба зургаан хувь эзэмшдэг компанитай. Үүнд, H.S. Securities Ltd, H.S. International (Asia) Ltd (HSIA), H.S. Servicer Ltd, H.S. Insurance Ltd болон ХААН Банк ХХК зэрэг орно. Түүнчлэн SWH компани нь бизнесийг сэргээн босгох үйл ажиллагаанд оролцдог ба энэхүү ажлын хүрээнд Kyushu Industrial Transportation Holdings Co., Ltd автобусны компани, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Ascot корпорацийн хувьцааг эзэмшдэг. Ноён Хидео Савада нь аялал жуулчлалын H.I.S. Ltd (Токиогийн Хөрөнгийн бирж: 9603)-ийн үндэслэгч бөгөөд түүний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Ноён Хидео Савада нь ХААН банкны ТУЗ-ийн дарга, ноён Ёшиаки Мишима нь тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна” гэжээ.

 
https://ergelt.mn/news/43/single/15047
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler