Бурхан болоочоороо улстөр хийх нь “жудаг” уу
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь маш олон хүнд чухал байгаа бололтой. Энэ дуулианыг далимдуулаад цаана нь ямар улс төр явж байгаа нь хэнд ч сонин биш байна. Уг нь тэр нөхөр хэвлэлийнхэнтэй уулзаж байхдаа энэ бүх зүйлийг дэвэргэж байгаагийн цаад талд талийгаачийн хүү, дүү нь нэр дэвших гэж байгаад учир байна гэж хэлсэн ч үнэндээ хэн ч тэр үгийг тоож сонсоогүй.
Өнгөрсөн хугацаанд маш нарийн зохиолтой үйл ажиллагаанууд хийгдэж, Б.Хурцын хүүтэй хийсэн зодооны бичлэгийг ч олон ангит кино шиг бага багаар таслан хүргэж, олон нийтээр жигшүүлэхээ ч мартсангүй. Одоо ч түүнийг харлуулах томоохон кампанит баг ажиллаж байгаа. Нас барсан ахынхаа оронд дүү нь, аавынхаа оронд хүү нь тэр ч байтугай эхнэр нь төр түшилцдэг жишиг манайд бий. Одоо ч тэр ойлголтыг үргэлжлүүлэх сонирхол АН-д байна. Харин талийгаач Г.Батхүүгийн халааг авах сонирхол хүүд нь бас олон жил ахыгаа дагаж уйгагүй явж ирсэн дүү П.Батчимэгт нь бий. Бүр Н.Номтойбаярын сонгогдсон Дорнодыг П.Батчимэг эртнээс сонирхсон. Юутай ч омголон Н.Номтойбаяраар туг тахиж танигдах эхний алхмаа сайн хийж байгаа бөгөөд яг дэвших дээрээ тулбал эгч дүүсийн хооронд юу болох нь дараагийн асуудал. Нас барсан хэн нэгний хойноос буян болгож улс төрд эрх мэдэл өгдөг уламжлал манайд хэдий болтол үргэлжлэх вэ, бурхан болоочоороо улс төр хийх нь монгол хүний жудаг мөн үү.
