Ард түмэн танаас айж байна, Ерөнхий сайд аа

Өнгөрсөн хоёр жилийн хугацаан УИХ-ын гишүүд албан тушаал, мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас хамаарал бүхий компаниудаа зохион байгуулалттай зээл авсан нь илчлэгдлээ. Гэхдээ ХХАХҮ-ийн сайдын албан тушаалаас Б.Батзориг, ЗТХ-ын сайдаас Я.Содбаатар огцорсны эс тооцвол бусад төрийн түшээд ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Эдүгээ нэр бүхий 40 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдсон гэх мэдээлэл байгаа. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн танхимд хэдэнтээ өөрчлөлт орж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдон, ХХААХҮ-ийн, БСШУС-ын сайд тус бүр нэг удаа, ЗТХ-ын сайд гурвантаа чөлөөлөгдөн, дараагийн эрхмүүд томилигдоод байна. Басхүү сөрөг хүчин АН-ын зөвлөл "аллагатай, хүчингийн хэрэгтэй, авлигатай, ёс зүйгүй парламент, Засгийн газар” гэж дүгнэж байгаа. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн, эрх баригч хүчнээс сонгогдсон гишүүн хүчингийн хэрэгт холбогдож, чөлөөлөгдсөн. Тиймээс эдүгээ парламент "элэг бүтэн” бус 75 гишүүнтэй, нэг суудлын орон гарсан хэвээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн төрсөн нутагт хамаарах Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт хоёронтаа нөхөн сонгууль зарласан ч ҮХЦ хууль зөрчилтэй гэж дүгнэснээс хойшлогдож, энэ парламент, орон гарсан суудалтай бүрэн эрхийн хугацаатай дуусгавар болгох нөхцөл бүрдээд байгаа билээ.
Өнөөдөр төрийн албан хаагч оймсондоо ам.долларыг боодлоор нь нууж, ажлын байр, гэрт нь хийсэн нэгжлэгээр нэг тэрбум төгрөгийн авлига авсан хэргийн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Гэвч МХЕГ-ын газрын дарга нарын авлигын хэрэг өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдэж, тэрбум төгрөг авлигадсан нөхөр 400 сая төгрөгөөр шийтгүүлээд өнгөрсөн нь аагим зуны энэ өдрүүдэд нийгмийн хилэнг улам шатааж байна.
Нийгэм хилэгнэхээс ч аргагүй. Эдийн засаг хямралтай, иргэд цалингаараа амьдралаа залгуулж, банкны зээлээ чардайн төлж явахад төрийн албан хаагч оймсондоо хахуулын ам.доллараа хавчуулаад явж байна. Юун, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага ярих. Атал авлигачин нөхөр уучлал гуйхын оронд "Шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүллээ” гээд хэвлэл хээв нэг ярилцлага өгчээ. Төрийн нэр хүндийг оймстой хутгасан тэр этгээд үйлдсэн хэрэгтээ гэмших наад захын ёс суртахууны нэгэн байсан бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэнтээ "Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэж титэмлэснийг төрийн албан хаагч бүрийн өрөөнд өлгөмөөр.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны томилогдохдоо хэлсэн, уриа лоозон мэт хэрэгжүүлэх төрийн албаны ёс зүй, нийгэмд шударга ёс тогтоох зорилго хаана хүрээд салхинд хийчих вэ? Өнөөдөр та ард түмнээс биш ард түмэн танаас, Ардын намаас айж байна, Ерөнхий сайд аа. Амлалтаа хэрэгжүүлдэггүй юм гэхэд, айдас хүйдэсгүй, амгалан тайван ирэх сонгуулийн жилийг угтахыг ард түмэн хүсэл болоод байна.
Н.Энхбат
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN
