| |
Хулгайчийг бариарай гэж хэн орилж байна
Халх голын 500 мянган гектар газрыг чөлөөт бүс болгосныг, тэнд хуулийн дагуу харийнхан татваргүй, аливаа хязгаарлалт квотгүй, хятад иргэд визгүй зорчих нөхцөл бүрдсэнийг иргэдийн зүгээс эсэргүүцэх явдал нэмэгдсээр байгаад эмзэглэсэн эрх баригчид маш их мөнгөөр тархи угаалт хийхээр оролдож буйг тэдний захиалгат нэвтрүүлгүүд, телевизийн цагуудыг худалдаж авч буй байдал, твиттер орчин дахь өндөр үнэтэй хөлсний багийн үйл ажиллагаанаас харж болохоор байна.
Мөн асуудлыг өөр тийш нь мушгин гуйвуулж Халх гол сумын засаг дарга газар зарсан гэх мэдээллийг өргөнөөр тараалаа. Засаг дарга нарын буруутай үйлдлийг тогтоож, шалгаж, хариуцлага ногдуулах нь зөв.
Харин 500 мянгаар нь чөлөөт бүс болгож, экологийн болоод эдийн засаг, аюулгүй байдлын сүйрэл авчрах шийдвэрийнхээ хариуцлагыг үүгээр дүйвүүлэн бултана гэж бүү сана.
Тэр 500 мянган га газар атраараа, өвс нь халиуран, мал бэлчин, түүх дурсгалаа хадгалсан чигээрээ оршиж байгааг бид нүдээрээ харсан. Гэтэл нэгэнт олгогдсоныг аварч буй мэт матрын нулимс, муур багшийн царай бүү гаргагтун!
Том хулгайч нь жижиг хулгайчийг бариарай гэж хашгирч байгаа ч хоёулаа л хулгайчаараа үлдэнэ!
Garag.mn