| |
“20 настай” тэд юу ярив?
Одоогоос 20 жилийн өмнө Монголын рок попын урлагт хувьсал хийж өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан хамтлаг бол "Камертон”. Монголын хөвгүүдийн хамтлагийн дундаас "Камертон”-ы залуус хөдөлмөрч, чадварлаг уран бүтээлч гэдгээрээ аргагүй ялгардаг билээ. Анх "18 нас” дуугаараа олонд танигдаж чадсан хөвгүүдийн хамтлаг өдгөө 20 нас хүрч байна. Тун удахгүй тус хамтлагийнхан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Ингээд "Камертон” хамтлагийн гишүүд доорх асуултад өөр өөрийнхөө өнцгөөс хариулсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Монголын рок, попын амьдрал "Камертон” хамтлагаар бүл нэмээд 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд та бүхэн юу амжиж бүтээв?
-Анх хамтлаг байгуулж байхад өмнөө томоохон зорилго тавьж байсан нь мэдээж. Тэр зорилгодоо хүрсэн үү. Хийсэн, бүтээсэндээ хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
-"Маамуу нааш ир”, "Хэн ч уйдаагүй хайр”, "18 нас” дуугаа дуулж байх үеийг өнөөдрийн амьдрал, үзэл бодол, нийгэмд эзлэх байр суурьтай харьцуулахад ямар зөрүү гарч ирэх бол?
-Мэдээж хэрэг охидын шүтээн байсан хамтлагийнхан гэр бүл зохионо гэдэг тухайн үедээ олны сонирхлыг татаж байлаа. Одоо харин урлагийн хамгийн сайхан гэр бүл болсон шиг санагддаг. Тэгэхээр гэр бүл, үр хүүхдийнхээ тухай товчхон танилцуулахгүй юу?
Д.Болд:
-Чанартай уран бүтээл хийхийн тулд манай хамтлаг зүтгэж ирсэн. Анх дөрвөн хоолойгоор дуулах стилийг гаргаж ирсэн гээд мэдээж яривал маш их юм ярина л даа. Цаашид ч манай хамтлаг сайн уран бүтээл хийхийн төлөө ажиллах болно. Миний хувьд 2006 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлсэн. "Хайрын хүч” цомгоос эхлээд нэлээд уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэсэн. "Be” продакшн байгууллаа. Энэ жил продакшнаа өргөжүүлж медиа группийн түвшинд хүргэхээр хичээж ажиллаж байна. Энэ хооронд монгол поп урсгалыг хөгжүүлэх тал дээр нэлээд ажиллалаа. Удахгүй бие даасан шинэ цомог гаргахаар төлөвлөөд байна. Оны сүүлээр цомог бэлэн болох байх. Продакшнаараа дамжуулж олон уран бүтээлчтэй хамтарч ажилласан байна. Олон сайхан залуу уран бүтээлчдийг гаргаж ирэхийн төлөө хичээж байна. Ер нь л урлагийн бүх төрөлд хүч сорьж байна. Сүүлийн үед энтертаймент чиглэлээр их ажиллаж байгаа.
-Анх хамтлаг байгуулах үед юу бодож байсан талаар яг орж ирэхгүй байна.
-Сэтгэл хангалуун байлгүй яахав. Зүгээр суугаагүй. Олон сайхан уран бүтээл хийж ирсэн. Багагүй уран бүтээлийн тоглолт хийсэн. Цаашдаа маш олон уран бүтээл хийх төлөвлөгөө байна. Бүтээлийн яг оргил дээр гарчихаагүй байна л даа.
-Манай эхнэрийг нугараач мэргэжилтэй гэдгийг хүн бүхэн л мэдэх байх. Эгшиглэн, Энэрлэн, Эзлэн гээд гурван сайхан үртэй болсон.
Г.Мэнд-Амар:
-Өнгөрсөн 20 жилийн дийлэнх нь "Камертон” хамтлагтай холбоотой. Монголынхоо бүхий л аймгаар тоглолт хийж, олон орноор аялж, уран бүтээлийн тоглолтоо хийсэн байна. Бид бүхнийг сонсдог, дэмждэг, биднийг тоож сонсч, урамшуулж ирсэн хүмүүсийнхээ буянаар олон сайхан зүйл үзэж нүд тайлсан байна. Нэг их айхтар бүтээн байгуулаад босгож ирсэн бизнес бол байхгүй. Нэг хэсэг "Монгол газар” компанийн барилгын хэлтсийг хариуцаж ажиллаж байгаад больсон. Харин телевизүүдийн тэр тусмаа "UBS” телевизийн "Universe Best songs” наадмын төсөл дээр хамтарч ажиллалаа. Бид хөгшрөөгүй, өтлөөгүй. Гэхдээ залуу үеэ гарч ирэхэд нь чадахаараа туслах үүднээс "Камертон-2” төсөл хэрэгжүүлсэн. Тэр хүүхдүүд цаашаа хэр хол явах нь өөрсдөөс нь шалтгаална. Монголд "boy band” хамтлаг ирээдүйд гарч ирсээр байх нь тодорхой. Тэр дунд манай хөвгүүд гоё чихрийн цаас шиг, ханан дээр байдаг хөөрхөн залуугийн зураг шиг байх уу гэдэг нь чухал. Гэхдээ "Бид дөрөв” хамтлагийн дүү нар учиргүй хүний гар, ам хараад байхааргүй мундаг сэтгэдэг хүүхдүүд бий. Цаашдаа мэргэжлийн, чадварлаг уран бүтээл их хийнэ гэдэгт итгэлтэй байна.
-Шилжилтийн насан дээрээ явж байсан учраас аливаа зүйлийг олон талаас нь харж байсангүй. Тэгээд ч мэргэжлийн сургуульд сурч байсан болохоор чадах болов уу, яах бол гэж эргэлзэж, тээнэгэлзэж байсан удаагүй. Хоёрдугаарт долоон настайгаасаа л нэг нэгнийхээ гэр орноор орж гардаг, аав ээж, ах дүү нараа мэддэг болцгоочихсон байсан. Тиймээс янз бүрийн эрсдэл бодож ч байсангүй, нөхцөл ч бүрдээгүй. Хамгийн гол нь тухайн үед олон хоолой салгах, Италиар акабела гэж ярьдаг л даа. Үүнийг л монголчуудад л гоё хүргэх юмсан гэсэн зорилготой байсан.
-Мэдээж ондоо. ЕБС-ийн хүүхдүүдээс жишиг авахад бид чинь IX, X ангийн сурагчид л байлаа. Дуунд хайртай, дурлачихсан байсан учраас дуугаа хэрхэн хүнд хүргэхэв гэсэн л бодолтой байсан бол идэр залуу насанд аливаа зүйлд философи талаас нь ханддаг юм байна.
Эргээд харахад шилжилтийн насны хөвгүүд гэхэд цагийг хий дэмий өнгөрүүлээгүй санагддаг. Уран бүтээлийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж насандаа баймгүй хор шартай байж. Тиймдээ ч өнгөрсөн амьдралдаа маш сэтгэл хангалуун байна. Урлагийн буянаар л хорвоотой танилцлаа шүү дээ. Одоо амьдрал дуусчихсан юм биш л дээ. Он цаг элээх тусам тархи улам залууждаг гэдэг. Тиймээс хөгширчихөөд дуулж чадахгүй, гонгинож чарлаад хүний дургүйг хүргээд байхгүйн тулд тархиа цэнэглэж, бие сэтгэл гээд бүхий л зүйлээ бэлтгэж байна. Энэ эрчээрээ сайхан дуулахын тулд шүү дээ.
-Миний хувьд үеийнхнээсээ хожуу гэр бүл зохиосон. Эхнэрийг маань Р.Болормаа гэдэг. Бид Сийлэн, Анхилуун гээд хөөрхөн охидтой болсон.
Б.Эрдэнэбат:
-Би идэвхтэй насаа хэд хэд хувааж боддог л доо. 0-20 нас бол жаргалтай сайхан хүүхэд үе, 20-40 хамгийн идэвхтэй хийж бүтээх нас , 40-60 хүртэлх нас бол хийж бүтээх ч харьцангүй идэвх буураад ирэх үе гэж боддог. Тэгэхээр хамгийн идэвхтэй насандаа эргээд харахад их зүйлийг бүтээсэн байна. Анх 1995 онд манай хамтлаг байгуулагдсан. Тухайн үед Монгол Улсын нийгмийн байдал ороо бусгаа байсан. Гэвч бид энэ цаг үед амжилттай уран бүтээл хийж олонд танигдаж гарч ирж өнөөг хүртэл оршин тогтнож байна шүү дээ. Манай хамтлаг 20 жилийн хугацаанд 11 цомог гаргасан гээд дурдвал уран бүтээлийн олз омог маш их байна л даа. Миний хувьд 2007 оноос хөдөө аж ахуйн салбарт хүч үзсэн. Одоо Монголдоо эхний гуравт орохоор усалгааны системтэй хөдөө аж ахуйн салбарт өөрийн гэсэн байр суурьтай компанитай болсон байна.
-20 жилийн өмнө Хөгжим бүжгийн шатан дээр уулзаж байсан дөрвөн хүү өнөөдөр ч нүдэнд харагддаг. Тухайн үед "Yesterday” дууг анх дөрвүүлээ дуулж үзээд бие бие рүүгээ гайхаж харцгааж байсан. Яг энэ мөчид л хамтлаг байгуулах зам тавигдсан. Яаж гоё дуулах вэ гэхээс өөр юу ч бодогддоггүй байлаа. Хэзээ ч харамсахааргүй амьдарч ирсэн. Хамгийн гол нь сайхан нөхөрлөлийг бий болгосон. Нэг удаад аврах биш насан туршдаа нэгнийхээ төлөө гэх андуудтай болсондоо би маш их баярлаж явдаг.
-Одоо 40 дөхөж яваа залуус "охин минь”, "охин чи минь” гээд дуулаад явах утгагүй. Дуу гэдэг чинь сэтгэл зүрхнээс гардаг зүйл. Тиймээс шинээр хийж буй уран бүтээлийнхээ үгэнд хүртэл ач холбогдол өгч арай философитой, хүнд юм бодогдуулахаар сонголтыг хийдэг болсон байна. Би 18 настай байхдаа хэзээ ч 30 нас хүрнэ гэж боддоггүй байсан. Харин өнөөдөр маргааш 50 нас хүрэх гээд байгаа юм шиг санагддаг боллоо. Иймэрхүү ялгаа маш их байна.
-Өнөр өтгөн сайхан гэр бүлтэй боллоо. Гурван хүү, нэг охинтой. Миний том хүү хамтлагтай зэрэг л өссөн. Одоо 17 настай. Гадаадад сурч байгаа. Дунд хоёр хүү маань ЕБС-д сурч байна. Харин бага охин бид хоёр гэр зуур зунгааралдаад л байж байна /инээв/. Миний эхнэр Бямбажав гээд уран нугараач бүсгүй бий. Эхнэр "Anti gravity” иогийн төвөөрөө дамжуулж сургалт явуулдаг. Бид хоёрын гол зарчим ашиг олохоосоо илүүтэйгээр нэг хүнд ч гэсэн туслах. Хийж бүтээж буй зүйл маань дандаа хүний төлөө л байгаасай гэж хүсдэг.
Л.Ган-Эрдэнэ:
-Хамтлагийн тухайд бол бүгд надаар хэлүүлэлтгүй ямар, ямар уран бүтээл хийж байгааг харж байгаа болов уу. Миний хувьд телевизийн салбарт тодорхой хэмжээний үзэгчидтэй, өөрийн гэсэн өнгө аястай нэвтрүүлэгтэй болоод байна. Одоохондоо гэртээ л байна. Нэгэнт телевиз рүү орчихсон юм чинь гарахгүй байх. Тэгэхээр цаашдаа телевизийн салбарт үргэлжлүүлж ажиллах хүсэлтэй байгаа. Нэг компани байгуулчихгүй яав даа гэж жаахан харамсдаг. Одоо амжилттай явж байгаа том компаниуд чинь ихэвчлэн 1995 онд байгуулагдсан юм байна лээ /инээв./ Гэхдээ энэ тоглоом шүү. Юунд нь харамсахав. Харин ч хамтлагаараа бахархаж явдаг.
-Хөгжим бүжгийн сургуулийн заах арга зүйн хувьд өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой. Хүүхэд бүрийг топ болгохын төлөө явдаг. Багш нь ч, сурагч нь ч энэ замналаар явдаг. Цаг сайн барьж, зохион байгуулалттай байхаас эхлээд хамтлагтай холбогдсон. Хамтлагаараа дамжуулж олонд танигдсан дуучин болохыг хүсэлгүй яахав.Түүнчлэн хамтлагийнхантайгаа олон шинэлэг зүйл бүтээе гэж боддог байсан. Хамгаас илүүтэйгээр шилдэг нь байя л гэж бодсон.
-Тэр үед биднийг сонсч байсан хүмүүс 35-40 гээд дундаж настай болчихсон. Одоо эдгээр сонсогчид бидэнтэй адил ихэнх нь аав, ээж болчихсон байгаа. Өөрийн гэсэн бизнес нь тогтчихсон, амьдрал нь жигдэрчихсэн байна. Энэ утгаараа уран бүтээлийн өнгө аяс хүртэл өөрчлөгдөж байна.
-Гадаад худалдааны мэргэжилтэй Б.Уянга гэж сайхан бүсгүйтэй гэр бүл болсон. Хоёр сайхан хүүхэдтэй. Батхүдэр, Гансүлд гээд. Том нь хоёр ойтой, бага нь дөрвөн сартай.