| |
Туслахууд “баяртай” болох уу?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэхүү хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн туслахыг цөөлж, заримыг нь туслах ажилтангүй болгох асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхи нь дэмжив. Тодруулан хэлэхэд тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг, намын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг цомхотгоход гишүүд санал нэгдэв. Хэрэв энэхүү өөрчлөлт УИХ-ын чуулганд дэмжигдвэл нэрсийн жагсаалтаар сонгогдсон 28 гишүүн огт туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ ганцхан туслахтай ажиллах юм.
УИХ-ын даргын 2012 онд гаргасан захирамжийн дагуу гишүүн тус бүр нэг зөвлөх, туслахтай, хоёр бие төлөөлөгчтэй байхаар орон тоог нь баталсан байдаг. Эдгээр улс төрийн албан тушаалтнуудыг тэдний гишүүн нь томилж, ажилд нь хяналтаа тавьдаг. Мөн УИХ-ын Тамгын газраас гишүүдийн саналын дагуу цалинг нь олгодог аж. Гишүүний зөвлөхийн үндсэн цалин 645 мянган төгрөг, УИХ-ын гишүүний туслахын дундаж цалин 470 мянган төгрөг, УИХ-ын гишүүний биет төлөөлөгчийн цалин 500 мянган төгрөг байдаг гэх мэдээлэл бий. Тооцоолоод үзэхэд УИХ-ын 76 гишүүний тус бүр нэг туслахыг цомхотгосон тохиолдолд сардаа 35.720 сая төгрөг, жилдээ 428.640 сая төгрөг хэмнэх тооцоо гарч байна.
Өчигдрийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Гишүүний туслах бүр өөрсдийн гэсэн амьдралаа залгуулж, ихэнх нь моргейжийн зээл авсан байгаа. Тэднийг ажилгүй болгосон хариуцлагыг хэн хүлээх вэ” гэж тус асуудалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ бол бас л бодох л асуудал. Гэхдээ УИХ-ын гишүүд өөрсдийн урамшуулал, хувиасаа туслахаа цалинжуулах боломж байгаа гэдгийг ч байнгын хорооны зарим гишүүд хэлж байлаа.
Хэдийгээр УИХ-ын гишүүд туслахаа цомхотгохыг дэмжиж кноп дарсан ч өөрсдийн гар хөл болгон ойр зуурын хамаг ажлыг нь гүйцэлдүүлдэг, ядахнаа машинаас буухад хаалгыг нь онгойлж, цүнхийг нь өргөж тусалдаг "ачтан”-уудаа халаад явуулахад таагүй байцгаах нь мэдээж. Иймээс байнгын хороон дээр дэмжигдсэн ч УИХ-д очоод энэхүү төсөл унах өндөр магадлалтай буй юм.
М.Болор
Эх сурвалж: Zaluu.com