| |
ВИДЕО: ОХУ хэт даврагчидтай тэмцэх санаачилгыг гартаа авч чадсан
ОХУ-ын зэвсэгт хүчний агаараас өгсөн цохилтын үр дүнд "Исламын улс” алан хядах бүлэглэлийн хэдэн зуун дайчин Дамаск хотын ойролцоо байрлах хоргодох байраа өнгөрсөн шөнө орхин гарахад хүрсэн хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдээллээ.
Хэт даврагчид зэвсгийн хомсдолд орж эхэлсэн тул байрлалаа орхин зугтахаас өөр аргагүй гэж тэрээр хэлсэн юм.
Түүнчлэн өчигдөр ОХУ-ын Су-25 сөнөөгч онгоц Сирийн Латакия мужид байрлах алан хядагчдын томоохон сургалтын баазыг устгасан байна. Үүний үр дүнд нийт сургалтын бааз болон түүний дэд бүтэц устгагдсан талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ.
Мөн Оросын Су-34 онгоц Хама муж дахь хэт даврагчдын газар байрлал болон зэвсгийн агуулахыг устгажээ.
ОХУ-ын зэвсэгт хүчний 33 онгоц нэг хоногийн дотор Сирийн Алеппо, Дамаск, Идлиб, Латакия болон Хама хот, мужуудын нутагт байрлах "Исламын улс” алан хядах бүлэглэлийн 49 байрлалд агаараас цохилт өгсөн байна.
ОХУ-ын агаарын цэргийн ажиллагаа амжилттай үргэлжилж байндаа туссаар байна. Түүнчлэн ОХУ "Исламын улс”-ын хэт даврагчидтай тэмцэх санаачилгыг гартаа авч чадсан гэж тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид онцоллоо.
Эх сурвалж: ИТАР ТАСС