|
Видео

Шинэ мэдээ

Төсвийн “хулгай”-2

"….Завхан аймаг. Даян хайрханы өвөрт орших ганцхан гэр. 35 орчим насны ганц бие бүсгүй энд байгаль хамгаалагчаар ажиллана. Тэр энэ ажлыг хийхийн тулд мотоцикл унаж сурсан. Хавар эрт, гуравдугаар сараас эхлэн намар орой болтол тэр хайрхан уулынхаа өвөрт нутаглаж, байгаль дэлхийгээ харж, хамгаална. Хөх нуур, Цагаан нуураа эргэж тойрно. Энэ бүсгүйг Налжирмаа гэдэг. Түүн шиг зуу, зуун эгэл жирийн хүмүүс эх орны өнцөг булан бүрт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлст хүчин зүтгэж байна... Гэхдээ одоо түүнийг, бас түүн шиг 150 хүнийг ажлаас нь хална. Тэдэнд цалин тавих, мотоциклд нь бензин хийх мөнгөөр манай засаг төр Mercedes-Maybach авчихсан”

Нүүр номын маань найз Ganbat Gongorjav фээсбүүктээ ингэж бичжээ.


Сангийн яамнаас боловсруулж өргөн барьсан, УИХ дээр ид хэлэлцэгдэж байгаа Монгол Улсын 2016 оны Төсвийн төслийн тухай хуульд зарим агентлагууд, газар хэлтэсүүдийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цомхотгох юм уу нэгтгэхээр суулгасан. Үүний дагуу Засгийн газрын татан буулгахаар төлөвлөсөн 11 байгууллагын зургаа нь байгаль орчны салбарынх аж.

Эмч, багш, цэрэг цагдаагаас бусад салбарын төрийн албан хаагчийг цомхотгож, цалин хөлсийг нь бууруулах Засгийн газрын "хатуу” бодлого зарим улстөрчдөд таалагдахгүй байгаа юм. Тэр тусмаа сөрөг хүчнийхэн төрийн албыг цомхотгож, цалинг бууруулахын эсрэг байгаа билээ. Уул уурхайн супер цикл дээр төрийн алба томорч, төсвийн зардал ч хэтэрсэн бөгөөд төсвийг эрүүлжүүлэхийн тулд төрийн албыг цомхотгох Засгийн газрын бодлого нэг талдаа зөв. Харин нөгөө талдаа аль салбарт цомхотгол хэрэгтэй вэ гэдгийг бодолцолгүйгээр хэтэрхий туйлширсан бодлого хэрэгжүүлэх нь эдийн засаг, байгаль экологи, цаашлаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний том сүүдэр үлдээж болзошгүй байна.

Засгийн газар төрийн албаны цомхотголоор 3000 хүнийг халж, 1.6 тэрбумыг хэмнэнэ гэсэн "даруухан” тоо хэлж байгаа ч Монгол Улс 170 мянган төрийн албан хаагчтай. Түүний 120 орчим мянга нь эмч, багш, цэрэг, цагдаа гэвэл үлдсэн 50 мянган хүний 20 мянга нь цомхотголд өртөж магадгүй гэсэн яриа ч улс төрийн хүрээнд өрнөж буй.

Төсөв бол улс орны хамгийн чухал сэдэв. Уг нь хэн нэгэн сайдыг суудлаас нь авч хаяхаас илүү чухал сэдэв билээ. Улстөрчдийн өөрсдийнх нь гоёор хэлдгээр "шахсан бяслаг” шиг төсөв батлахын тулд уг нь тэд төсвийн хэлэлцүүлэгтээ хамгийн идэвхтэй оролцох үүрэгтэй л дээ. Төрийн албан хаагчдын "цалин”-гаас хумсалж төсвөө хэмнэх үү эсвэл төсөвт суулгасан төрийн далбааны өндөрлөг барих, угтах хаалга хийх, жижиг дунд үйлдвэрийн төв байгуулах, сургалтын төвтэй болох, зуун хүүхэдтэй суманд 320 хүүхдийн хоёр давхар байшин барих гэхчилэн нэн шаардлагагүй хөрөнгөө хямгадах уу гэдэг дээр ид хэрэлдээд, мэтгэлцээд сууж байвал "гоё”.

Гэвч сайд огцруулах, засгийн унагаах болохоор саарал ордноор үзэгддэг "долоовор хуруу”-нуудад улсын данс улайна уу, байна уу, хэнийгээ халж, цомхотгох нь огтоос чухал асуудал биш бололтой. Сангийн яаманд хэлээд тойрогтоо хөрөнгө суулгачихсан хүмүүст хэнийг халж, хэнийг үлдээх нь ямар хамаа байж уу?

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн асуудлыг хэлэлцэх үед танхим тэр чигтээ хоосон байсан. Сөрөг хүчнийхэн болоод "шаварт унасан шарын эзэн” гэгчээр засгийн хэдэн сайд нар л сууж байна. Тавантолгой гэхээр хэлээ билүүдээд ирдэг нөгөө тоо ярьсан том "эдийн засагчид” байдаггүй ээ. Ялангуяа эрх баригч намынханд улс орны ирэх онд хоолтой, хоолгүй хонох эсэх нь огтоос хамаагүй бололтой юм. Эсвэл ирэх оны сонгуулиас хойш асуудал нь огт сонин биш болчихсон уу? Ямар ч байсан УИХ-ын үүрэг бол сайд огцруулахаас гадна хууль батлах. Гэвч энэ их хурал хууль батлах процесстоо хэтэрхий хайнга, хойрго ханддаг болсныг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан харуулсан.

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 981,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7 их наяд 883,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэхээр төсвийн төслийг боловсруулжээ. Гэвч, төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.27 хувьтай тэнцүүлнэ гэдэг Засгийн газрын өр цаашдаа өснө гэсэн үг. Өр өсөхийн хэрээр эдийн засагт дарамт нэмэгдэнэ. Тиймээс 200 саяар төрийн далбааны өндөрлөг барьж, Зам-Үүдэд нэг тэрбум 800 саяар соёлын төв барих зайлшгүй шаардлага юу байна вэ? Улаанбаатар нь дэлхийн хамгийн том жорлон болчихсон байхад Ховдод түүхий эдийн үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барих 1.4 тэрбум төгрөгийг төсөвлөх шаардлага юун. О.Содбилэг гишүүний хэлснээр эрдэнэтчүүдэд угтах хаалга бус рейнтген аппарат чухал байгаа ч юм бил үү. Угтах хаалга хийгээгүй гээд төрийн томчууд Эрдэнэтээс төөрөөд явчихгүй нь тодорхой. Энэ мэт популизмаа төсвөөсөө авч хаяхгүй бол хэдэн агентлагуудыг татан буулгаж, хэдэн байгаль хамгаалагчдыг ажилгүй болголоо гээд эдийн засаг сайжрахгүй. Үнэндээ ТЭЗҮ нэрээр төсвөөс мөнгө угаадаг явдал сүүлийн үеийн түгээмэл "хулгай” болсон шүү дээ. "Сайншанд” аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ боловсруулж байна гэж Чингис бондоос баахан мөнгө авсан юу болов. Одоо газрын тосны үйлдвэр байгуулна гэж баахан мөнгөөр ТЭЗҮ хийхээр төсөвт суулгасан байна билээ.

Энэ мэт "хулгай”-гаа улстөрчид больчихвол Налжирмаа ажлаасаа халагдахгүй. Түүн шиг хүмүүс л ой мод, уул усаа хамгаалдаг юм шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler