|
Видео

Шинэ мэдээ

Их наядын цоорхойг хэрхэн нөхөх вэ

Их наядын цоорхойг хэрхэн нөхөх вэЭнэ оны төсвийн орлогыг 7.16 их наяд, зарлага нь 7.64 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Харин оны эцэст төсвийн алдагдлыг 479.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү байхаар тооцсон. Гэтэл эхний найман сарын байдлаар улсын төсөв 769.2 тэрбум төгрөгөөр тасарч, оны эцэст алдагдал нэг их наядад хүрэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар заасан нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байна гэх заагийг хэдийнэ давжээ. Мөн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиас дээш давсан тохиолдолд тодотгол хийхээр хуульчилсан байдаг. Тэгвэл ирэх сард ДНБ-ий гурван хувийг давах нь гарцаагүй болсон. Сангийн яам ч хуулиа хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн сурагтай.

 

Харин хэрхэн тодотгох талаар албан ёсны мэдээллийг нууцлах болов. Шуудхан хэлэхэд, салбарын яамнаас ямар нэгэн тайлбар өгөхийг хүссэнгүй.

 

ТӨСӨВ ТАНАГДСАНГҮЙ

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр төсвийн орлого эхний найман сард 3.6 их наяд төгрөг, зарлага нь 4.3 их наяд төгрөг гарчээ. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 616.2 тэрбумаар өссөн байна. Энэ нь өмнөх оны алдагдлаас тав дахин өссөн дүн. Үүнд, дэлхийн зах зээл дэх зэс, нүүрс тэргүүтэй түүхий эдийн үнэ унасан нь төсөв их хэмжээгээр тасрахад нөлөөлсөн гэдэг тайлбарыг албаныхан өгдөг. Харин ҮСХ-ны гаргасан статистикаас харахад, гол нь төсөв захирагчдын үрэлгэн байдал алдагдалд хүргэжээ. Уг нь Засгийн газар, УИХ-аас баталсан төсвийн алдагдлын хүрээнд төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх учиртай. Энэ оны төсвийг батлах үед ч танана, тайрна, тасдана гэдэг үгийг олонтой сонссон. Бараг хөрсөнд хамгийн ойр төсөв хэмээн тунхаглаж байсан юм. Гэтэл улсын төсвийн зарлага 4.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 394.9 тэрбумаар өсчээ. Өмнөх оны эхний найман сарын зарлагаас даруй арван хувиар өссөн гэсэн үг. Тухайлбал, ажил үйлчилгээний зардал 145.1 тэрбум, урсгал шилжүүлэг 116.5 тэрбумаар тус тус өссөн байна.

 

ТӨСӨВ ТӨВЛӨРСӨНГҮЙ

Улсын төсөв татвар, татаасаар бүрддэг. Тэгвэл эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлогын 85.7 хувийг татварын орлого, 14.2 хувийг татварын бус орлого бүрдүүлжээ. Татварын орлого өнгөрсөн жилээс өссөн ч татварын бус орлого буурсан байна. Уг нь олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тос-ны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж учирч болзошгүй эрсдэлийг харгалзан энэ оны төсвийг баталсан гэдэг. Харин эхний найман сарын экспортын хэмжээ жилийн өмнөхөөс 342 сая ам.доллар буюу 9.1 хувиар буурсан байна. Энэ нь экспортын 90 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын орлого буурсантай холбоотой юм. Тэгвэл энэ оны төсөвт уул уурхайн салбараар 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. "Оюу-Толгой” компани хамгийн их буюу 819.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолж 324.3 тэрбум төг-рөгийн орлого оруулах тооцоо гарчээ. Харин "Эрдэнэт” үйлдвэр 590.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 447.5 тэрбум, "Эрдэнэс-Тавантолгой” зургаан сая тонн нүүрс экспортолж 60.8 тэрбум төгрөгийн татвар тус тус төлөхөөр тооцсон. Гэвч энэ төлөвлөгөө нь гадаад зах зээлийн нөлөөгөөр мө-рөөдлийн тоо болоод буй. Дээрх компаниудын орлого буурснаар экспортын орлогод хамгийн их нөлөөлөл үзүүлсэн байна. Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбараас төвлөрүүлж байгаа орлого төсвийн орлогын 20-24 хувийг дунджаар эзэлж байсан. Тэгвэл энэ онд 17 хувь орчим байхаар танаж тооцсон. Гэвч түүхий эдийн зах зээлийн байдал манай талд байсангүй.

 

БОНДЫН ХҮҮ БОНДОЙЖЭЭ

Хуулийнхаа дагуу энэ оны төсвийг ДНБ-ий хоёр хүртэл хувийн алдагдалтай байхаар баталсан талаар дээр дурдсан. Гэтэл өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал тооцоолсон дүнг 290 тэрбумаар хэтэрсэн байна. Хэрвээ оны эцэст нэг их наяд хүрвэл, ДНБ-ий 10 хувийг давахаар байгаа юм. Олон сар дараалан өсөж буй төсвийн алдагдлыг нөхөхөөр Засгийн газраас хөрөнгийн зах зээлд их хэмжээний бонд нийлүүлэх болсон. Энэ нь үнэт цаасны зах зээлд багагүй эрэлттэй байгаа. Өнөөдөр ч арилжаалж буй. Тэгвэл Засгийн газрын бондын хүүгийн зардал өнгөрсөн оноос 128.3 тэрбумаар буюу 52.4 хувиар өссөн байна. Энэ нь дээр дурдсан зарлагын өсөлтөд хамгийн их хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг нөхөхөөр зорилготой Засгийн газрын бонд нь эргээд төсөвт хүндрэл учруулах болов. Харин оны эцэст гарах нэг их наяд төгрөгийн цоорхойг, гадаад зах зээлд бонд гаргаж нөхөхөөр ажиллаж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард нэг тэрбум амдолларын бонд гаргахаар шийдвэрлэсэн. Одоогоор 161 сая ам.доллартай тэнцэх "димсан” бонд гаргаад байна. Дараагийн бондыг гаргахын тулд бага хүүтэй, хамгийн өндөр эрэлттэй зах зээл, боломжит цаг үеийг хүлээж байгаа гэнэ. Мөн Сангийн дэд сайд ч Засгийн газраас дотоодын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран олон улсын зах зээлээс нэг тэрбум гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний эх үүсвэр энэ ондоо багтаан үе шаттайгаар оруулж ирэхээр ажиллаж байгааг хэлсэн юм.

 

ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХ АРГУУД

Ийнхүү жил орчмын өмнө хамгийн ул суурьтай хэмээн баталсан төсөв нэг жилээ даахгүй нь. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиа ч зөрччихлөө. ДНБ-ий 10 хувьд хүрэхийг Засгийн газрын тэргүүн зарлачихлаа. Төсөв төлөвлөгөөг боловсруулагчдын зүгээс бонд гаргаж төсвийн алдагдлыг нөхөх үүрэг авсан ч хүү нь зарлагыг нэмэгдүүлсэн. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирлээ. Тэгвэл төсвийн алдагдлыг богино хугацаанд бууруулж, орлого бүрдүүлэлтийг сайжруулахын тулд гааль, татварын байгууллага ажиллаж байгааг албаныхан хэлсэн. Сангийн сайд Б.Болорын УИХ-д өргөн барьсан Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн төсөл ч үүнтэй холбоотой байж магадгүй. Гэхдээ бизнес эрхлэгчдэд ямар нэгэн дарамт учруулж, цаашдаа экспорт, импортын хэмжээ буурсан энэ үед эдийн засагт хумигдах эрсдэлтэй тул болгоомжилж байгаа аж. Улмаар эдийн засгийн идэвхжил муудаж төсвийн орлого төвлөрүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Мөн орлогоо төлөвлөснөөрөө бүр-дүүлж чадахгүй тохиолдолд улс зардлаа танахаас өөр арга байхгүй. Гэхдээ хэмнэе гэвэл, төсвийн жилийн төгсгөл ирсэн өнөөдөр өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн хэрэг болно.

 

 

Тэгвэл төсвийн алдагдлыг санхүүжүүлэх үндсэн аргуудын хамгийн хялбар нь зээл юм. Зээлийг өөрийн нэр дээр авах нь манай улсын хувьд эмзэг сэдэв болсон. Тиймээс хувийн хэвшилтэй хамтарч олон улсад бонд гаргах аргыг эрэлхийлж буй. Гэхдээ өрийн дарамтыг улам өсгөнө. Харин дотоодын бондын арилжаа идэвхтэй байгаа. Үр дагаврыг нь дээр өгүүлсэн. Мөн валютын нөөцөө ашиглан төсвийн алдагдлыг нөхөж болдог. Энэ арга нь гадаад валютын нөөц буурч буй Монгол Улсын хувьд бүр ч эрсдэлтэй. Манай орны хувьд 1991 оны эдийн засгийн хэт уналтын үед валютын нөөцөө ашигласан боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй түүхтэй юм. Мөн дэлхийн зарим улс төсвийн алдагдлаа үнэт металл, түүхий эдээр нөхдөг аж. Түүхий эдийн зах зээлээс хэт хараат байдлынхаа үйлийг эдэлж буй энэ цаг үед бүтэшгүй зүйл. Төсвийн алдагдлыг сан-хүүжүүлэх эдгээр аргууд нь ямар нэгэн байдлаар хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байна. Тиймээс түүхий эдийн ханш унасан, валютын нөөц буурсан, өрийн тааз тулсан өнөөдрийн нөхцөлд Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөхдөө аль болохоор бага зардал гаргах замыг сонгохыг харах л үлдлээ.

Магадгүй мега төслүүдээ хөдөлгөж хөрөнгө оруулалт татах гарц байж болох юм.



Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler