| |
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод эх орондоо ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болсон "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.
Тэрбээр "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, есдүгээр сарын 25-ны өдөр байр сууриа илэрхийлж үг хэллээ. Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон "Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт үг хэлэв.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлэв.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Бүх нийтийг тогтвортой хөгжилд татан оролцуулах нь” сэдэвт Дээд хэмжээний арга хэмжээ, "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний чуулга уулзалт”, "Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх” Дээд хэмжээний тусгай арга хэмжээ болон "Эмэгтэйчүүдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалт”-д тус тус оролцов.