|
Видео

Шинэ мэдээ

Эдийн засгаа тунгаах боломж

Монголд улс төр, эдийн засгийн хямрал дахиад л нүүрлэжээ. Азийн Хөгжлийн Банк (АХБ) саяхан Монголын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх төлөвтэй гэснээс үзвэл дөрвөн жилийн өмнөхөөсөө долоо дахин буурах бололтой. Ам.долларын ханш 2000 төгрөг хүрч, арилжааны банкуудын чанаргүй зээл жилийн дотор 40 хувиар өсөж, нийт зээлийн 7.3 хувийг эзэлж байна. Оны эхээр тодотгосон улсын төсөв жилийн эцэст нэг их наяд төгрөгийн алдаглалд хүрэхээр байна.

Хямралын гол шалтгааны ихэнх нь монголчуудаас биш, гадаад хүчин зүйлээс хамааралтай гэж үзэж буй ч, бодит байдал дээр дотоод хүчин зүйлүүд маш их байна.

Гадаад хүчин зүйлүүдийн хувьд Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ онд дахин саарч, хүлээгдэж байсан 7.2 хувиасаа буурч 6.8 болж байгаа нь түүхий эд нийлүүлдэг олон оронд, түүний дотор Монгол улсад хамгийн хүнд тусаж буй юм. Хятад улсын эрчим хүч, металл болон бусад түүхий эдийн хэрэглээ хумигдаж, эдийн засгийн өсөлт нь нэг хувиар буурахад эдгээр орны өсөлт дунджаар 0.7 хувиар саарч буйг АХБ-ны шинжээчид тогтоожээ. Монгол улсын бараг бүх экспортыг зэсийн баяжмал, коксжих нүүрс, алт, төмрийн хүдэр, газрын тос бүрдүүлдэг бөгөөд бүгдийг нь Хятад улсад нийлүүлдэг. Үүний дотор зөвхөн зэс гэхэд л экспортын 36 хувийг бүрдүүлж, ДНБ-ний 16.4 хувийг бүтээдэг аж.

Гэтэл газар нутгийн хамгийн ойрын байршлаа ухаалаг, шуурхай ашиглан төмөр замаа барьж амжилгүй, улс төржсөн олигархууд нь хоорондоо булаалцалдан олон жил болсноос уул уурхайн мөчлөгийн нэг үеийн өсөлтийг алдаж, төр засаг нь тогтворгүй, хууль журам нь үргэлж өөрчлөгдөж буйгаас тууштай шийдвэр гаргаж чадахгүй, хавтгайруулсан халамжийг дэмжсэн популист улс төрчидтэй, авлигажсан улс төрийн намуудаа цэвэрлэж хүчрэхгүй байгааг нь хямралын дотоодын хүчин зүйл гэж болно.

Эдгээр гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж 2009 онд хямрал нүүрлэсэн бөгөөд монголчууд улс төр, эдийн засгийн бодлого, үйлдэл, тогтолцоогоо зөв, буруугүйгээр нь ялган тунгааж, зоримог өөрчилж чадаагүй юм. 2010 оноос түүхий эдийн үнэ огцом өссөнөөр төсвийн орлого гэнэт нэмэгдэж эдийн засаг хямралаас гарсан билээ. Харин 2015 оны хувьд байдал шал өөр, түүхий эдийн үнэ ихээр унасан, Хятад улсын эдийн засгийн өсөлт өмнөх шигээ өндөр байхаа нэгэнт больсон, Монгол улс гадаадаас их хэмжээний зээл авсан, удалгүй буцаагаад төлж эхлэх учир эдийн засгийн хямрал үргэлжилж, хурцдах төлөвтэй болов.

Тийм учраас энэ удаагийн хямралыг монголчууд улс төр, эдийн засгийн бодлого, үйлдлийхээ алдаа, мадгийг шүүн тунгаах, засч залруулах боломж гэж харан, нийгэм даяар хүлээж авах, ардчилсан орны хувьд төр засгийн эрх баригчдаас өндөр хариуцлагатай, ил тод тайлагнадаг байхыг шаардан, иргэний нийгмээс нийтийн засаглалыг хянах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

Монгол улсын эдийн засаг түүхий эдийн борлуулалтаас дэндүү хамааралтай, уул уурхайгаас бусад үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхүйц бүтцийн өөрчлөлт хийх тухай хичнээн их ярьж буй ч хэрэгжүүлж чадахгүй байгаагийн учир шалтгааныг дахин нэг харах шаардлагатай байна.

Төр засгийн төсвийн болон мөнгөний бодлого эдийн засгийнхаа бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн хэвийн үйл ажиллагааг гажуудуулсаар ирэв.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр тасралтгүй үргэлжилнэ гэсэн хөөргөн мэдээлэлийг төрийн удирдлагууд зах зээлд өгч байсны үр дүнд, жишээ нь барилгын салбарт бодит бус хүлээлт үүссэн юм. Нийслэлд гэхэд л өдгөө дөчин мянган орон сууц борлогдохгүй хүлээж байхад гэр хороололын 170 мянган айлд таарсан орон сууц олдохгүй байгаа нь орон сууцны эрэлт, нийлүүлэлт ямар их зөрүүтэй, төөрөлдөж буйг илтгэж байна.

Мөн газар тариалангийн салбарт ч гажиг тогтолцоо бий болов. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад зээлээр олгож буй шатахууны үнэ нь зах зээлийн бөөний ханшаас 27 хувиар их байгааг дэмжлэг гэх үү? Бидний идэж буй талхны бодит зардал нь худалдан авсан үнээсээ хамаагүй өндөр боллоо.

Төр засгаас үнэ хязгаарлахыг оролдож буй бүх төсөл эцсийн дүндээ иймэрхүү маягаар төгсөж, зах зээлийг гажуудуулж, хуурамч эрэлтийг бий болгож, нийлүүлэлтийг хэтрүүлэн, төсвийн зардлыг хөөрөгдөж, алдагдлыг тэлээд л дуусдаг юм. Энэ олон хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хянаж шалгахад баахан зардал гарч, тухайн салбарын зарим нэг шийдвэр гаргагчдыг л баяжуулж иржээ.

Эцсийн эцэст иймэрхүү сөрөг үр дагавартай төслүүдийг санхүүжүүлэхийн тулд төр засаг гадаад, дотоодын зах зээлээс бүх боломжоороо зээл авах аргыг сонгодог боллоо. Зөвхөн дотоодын үнэт цаасныхаа хүүгийн төлбөрт Монгол Улсын Засгийн газар эдүгээ төсвийн орлогыхоо 12 хувийг өгч, оны эцэст төсвийн дөрөвний нэгийг, 2018 онд бүх төсвөө зөвхөн зээлийн хүүд зарцуулахаар байна.

Гадаад, дотоодоос зээл авах хязгаар, боломж хэтэрсэн учир төсвийн зардлаа бууруулахаас өөр сонголт алга. Ч.Сайханбилэгийн Засгийн газар улс төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах, төрийн байгууллагуудын гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөлгөөн хийх, эд хогшил худалдан авах зардлыг царцаах шийдвэр өнгөрсөн долоо хоногт гаргахад хүрлээ.

Төсөвт ямар нэгэн орлого төвлөрүүлэхийн тулд шатахууны онцгой татварыг нэмэх, энэ ондоо багтаж МИАТ, Хөтөлийн цементийн үйлдвэр зэрэг төрийн өмчит компанийн тодорхой хувий хөрөнгийн зэх зээлд борлуулах зэрэг арга хэмжээ авах гэж байна. Уг нь аль эрт хийх ёстой байсан юм.

Удалгүй УИХ-аар 2016 оны төсөв, 2015 оны төсвийн хоёр дахь тодотголыг хэлэлцэх учиртай. Төсвийг бодитой төсөөлж, удалгүй төлж барагдуулах гадаад, дотоодын өрийн хүү болон үндсэн төлбөрийн дарамтыг тусган, алдагдлыг нь яаж нөхөхөө сайтар тооцсон байх нь зайлшгүй. ­Ер нь энэ намрын чуулганаараа УИХ улсын төсвийг гурван жилээр урагшаа харж тооцоолох шаардлагатай байгаа юм. Тэгж чадвал "Чингис” бондын 500 сая ам.долларын үндсэн өрийг 2018 оны нэгдүүгээр сард төлөхөд бодитой, бэлтгэл болно. Харамсалтай нь сонгуулийн жил бүрийн төсвийг хамгийн их алдагдалтай тооцож, сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн бүр нэр дэвших тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалтын ажил эхлүүлж харагдуулдаг зуршил тогтсон нь энэ удаад ч давтагдах л болов уу.

Монгол улсын эдийн засгийн хөгжлийн бодлого, үйлдлийг ялгаж салгах, тунгаах ажил үнэхээр шаардлагатай байна.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler